Оюу толгой төсөл дараагийн түвшинд шат ахиж, дэлхийн өндөр технологийн гүний уурхай болох ажил нэг алхам урагшилсан түүхэн өдөр тохиолоо. Оюу толгойн гүний уурхай “Үүцээ задлах” дөхөж, уурхайн олборлолтын хамгийн чухал үе шат болох анхны тэсэлгээг хийлээ.
13 жилийн хугацаанд маргаантай байсан асуудал сүүлийн 2 жилийн хугацаанд хэлэлцээний ширээний ард суусны үр дүнд өнгөрсөн онд эцэслэгдсэн. “Рио Тинто” групп 2021 оны 12-р сард засгийн газрын шаардлагыг хүлээн авч, Оюу толгой төслөөс Монгол улсын засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2,3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх, 2015 онд байгуулсан далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлахаар болсон. Харин хариуд нь гүний уурхайг ашиглалтад оруулах огтлох малтлагыг 2022 оны 1-р сард эхлүүлэх хүсэлт тавьсан юм. Өнгөрсөн 1 сарын хугацаанд хийсэн яриа, хэлэлцээр үр дүнд хүрч, УИХ-ын 103 дугаар тогтоолыг баталснаар ийнхүү ажил хэрэг болж байна.
Гүний уурхай тогтвортой ажиллаж эхэлбэл өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох бөгөөд оюу толгой нь дэлхийн 5 дахь том зэсийн уурхай болох юм байна. Тодруулбал, жилд 5 тэрбум ам.долларын орлого олж, Монгол улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж дунджаар 3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн тооцоолол байна.