Зарим иргэд дэлгүүрээс зээл авч сар шинийн баярын бэлтгэлээ базааж байна

Сар шинийн баярын өдрүүд ойртож байгаатай холбоотойгоор хүнсний дэлгүүрээс зээл аван сар шинийн баярын бэлтгэлээ базааж буй иргэдийн тоо улам нэмэгджээ. Зөвхөн сар шинийн баярын өдрүүд гэлтгүй бусад үед ч өрнөөс өрний хооронд байдаг иргэд, ялангуяа тэтгэврийн насны хөгшчүүлд санхүүгийн хямралтай байгаа энэ үед цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэх нь хүндээр тусч байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна.

Иргэдийн санхүүгийн боломж сайжирсан эсвэл доройтсон эсэхийг хамгийн сайн мэддэг хүмүүс бол хүнсний дэлгүүрийн худалдагчид. Тэгвэл хүнсний худалдаа эрхлэгчид, худалдагчдын зүгээс өрийн дэвтэр өдрөөс өдөрт зузаарч, зарим иргэд өдөрт хэрэглэх хүнсний ногоогоо ширхэглэн, махаа граммаар авч байгааг хэлж байна.  Жишээ татвал Монел-д байрладаг 8 нэрийн хүнсний дэлгүүрт гэхэд л иргэдээс авах ёстой өр аль хэдийнээ 3 саяд хүрчээ.  Цалин, хүүхдийн мөнгө тэтгэвэр буухаар иргэд зээлээ төлдөг ч тун удалгүй дахин зээл авдаг нь иргэдийн санхүүгийн боломж муудсаныг харуулж байна гэлээ.

Ийнхүү иргэд дэлгүүрээс зээл авах нь нэмэгдсэн нь сар шинийн баяртай холбоотой юм. Ялангуяа хөгшин настай иргэд зээлээр мах, сүү худалдан авч байгаа гэлээ. Нэг талаас цар тахлаас шалтгаалж зарим иргэдийн амьдрал, санхүүгийн боломж дордсон энэ үед, нөгөө талаас “ковид-19”-ийн халдварын тархалт нэмэгдэж байгаа үед цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх хэрэгтэйг иргэдтэй хамгийн ойр байдаг худалдаачид хэлж байна.