“Транспаренси интернэшнл” олон улсын байгууллагаас 2021 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцуулжээ.
- Судалгаагаар Монгол улс 180 орноос 110-т жагссан нь өнгөрсөн жилийнхээс нэг байраар урагшилсан, харин 2019 оныхоос таван байраар ухарсан үзүүлэлт болж байна
- 2015 онд Монгол улс хамгийн дээд оноо буюу 39 оноо авч байсан бол сүүлийн гурван жил дараалан 35 оноотой байна
- Манай урд хөрш БНХАУ 2014 оноос хойш “Авлигын төсөөллийн индекс”-ийн үзүүлэлтийг есөн оноогоор нэмэгдүүлсэн нь тус улсын авлигатай хийх тэмцэл нь тууштай үр дүнтэй байгааг харуулж байгаа юм
- Тэгвэл цар тахлын нөлөөгөөр авлигатай тэмцэх үйл ажиллагаа дэлхий даяар саармагжиж, 180 орны 70 гаруй хувь нь 50-аас доош оноотой байна гэсэн судалгаа гарчээ
Монгол улс өнгөрсөн жил найман үзүүлэлтээр авлигын индексийг тодорхойлсон. Авлигын индексээр улсын төсвийн мөнгийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхийг болон төрийн алба хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, хүнд суртал, авлигын хэрэгт холбогдсон төрийн алба хаагчдын хүлээх хариуцлага зэргийг харгалздаг байна. Тэгвэл төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг хувийн хэвшлийнхэн авлига өгч авдаг асуудал бизнесийнхэнд хамгийн ихээр тулгамддаг гэсэн судалгаа гарчээ.
Харин авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй зэргээр засгийн газраас авлигын эсрэг зарим арга хэмжээ авч эхэлснийг шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах салбарт бага ч гэсэн эерэг хандлага ажиглагдаж эхэлсэн гэж дүгнэсэн байна. Гэсэн хэдийн ч засгийн газрын авлигын эсрэг ажилд үнэлгээ хийх хараахан боломжгүй. 2-3 жил цаашлаад 5 жилийн тууштай арга хэмжээ, тэмцлийн үр дүнд улс орнууд авлигын индексээр урагшилдаг гэдгийг Транспаренси интернэшнл байгууллагаас онцолж байлаа.
Ази номхон далайн бүсэд Шинэ Зеланд, Сингапур, Хонгконг улсууд авлига багатай улсаар тодорхойлогдсон байна. Харин Хойд Солонгос, Афганистан, Камбож улсууд хамгийн их авлигатай улсуудаар нэрлэгджээ.