Өнгөрсөн онд БНСУ-ын хэрэглээ, экспортын хэмжээ цар тахлаас үүдэлтэй уналтаас бүрэн сэргэж эхэлснээр эдийн засаг нь сүүлийн 11 жилийн хугацаанд бүртгэгдээгүй өндөр өсөлттэй байлаа гэж тус улсын Төв банкнаас энэ сарын 26-нд мэдээлжээ. Тодруулбал, Өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 1 хувиар буурсан бол 2021 онд ийнхүү 4 хувиар эрс өссөнийг Өмнөд Солонгосын Төв банкнаас танилцуулсан тоон мэдээлэл харуулжээ.
2021 оны өсөлтийн үзүүлэлт нь эдийн засаг 6 хувиар тэлсэн нь 2010 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсноос гадна Төв банкны жилийн өсөлтийн урьдчилсан таамаглалтай нийцсэн байна. Өнгөрсөн 11 дүгээр сард Солонгосын банк 2021 онд улсын эдийн засаг 4 хувиар, 2022 онд 3 хувиар өснө гэж таамаглаж байгаагаа мэдээлж байсан бөгөөд эдийн засгийн шинэчилсэн таамаглалаа ирэх сард танилцуулах юм.
БНСУ-ын засгийн газар “ковид-19”-ийн халдварын эсрэг хорио цээрийн чангатгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснийхээ улмаас саармагжсан эдийн засгаа сэргээхийн тулд хойшлуулж болох төрийн бүх зардлаа танасан бол харин иргэдэд буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээл олгох замаар эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалахыг эрмэлзэж байгаа юм байна.
Өнгөрсөн онд өрхийн хэрэглээ 3.6 хувиар өссөн нь өмнөх онд 5 хувиар агшсантай харьцуулахад мөн эрс өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт 2020 онд 5.1 хувиар өсөж байсан бол 2021 онд 8.3 хувьд хүрсэн байна.
Мөн 2020 онд 1.8 хувиар агшиж байсан экспорт өнгөрсөн онд 9.7 хувиар өсжээ. Үүнд хагас дамжуулагч болон нефтьтэй холбоотой бүтээгдэхүүний борлуулалт ихээхэн нөлөөлсөн байна. Импортын хувьд 2020 онд 3.3 хувиар буурсан бол 2021 онд 8.4 хувиар өссөн дүн үзүүлжээ.