Зарим залуус цахим орчинд “Надад бэлэг өгөхгүй байж болох уу” уриалгыг дэвшүүлж байна

Ирсэн зочдын алгыг нь дээш харуулдаг уламжлал ялангуяа хил боомтын асуудалтай байгаа энэ жилийн сар шинээр өндөр настнуудад хүндхэн ачаа болж байна. Цагаан сарын бэлтгэлээ базаах гэж тэтгэврийн зээл аваад харин дараа нь 6 сар бүсээ чангалахад хүрдэг ахмадууддаа хандан бэлэг сэлт бэлдэж өөрсдийгөө хүндрүүлэхгүй байхыг залуус цахим орчинд уриалаад байгаа юм. Үнэхээр ч нэг ахмад настан, цаашлаад нэг өрх бүлийн эдийн засгийн чадамжид нөлөөлөхүйц хүндрэл бий болгохгүйгээр сар шинээ цомхон хийх нь зөв гэж иргэд хэлж байна.

Энэ жилийн хувьд цагаан сар тэмдэглэхийг хатуу хориглоогүй, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан учраас иргэдэд тодорхой хэмжээнд баярын бэлтгэл хийх шаардлага үүсч байна. Хэдийгээр гэр бүлийн хүрээнд гэсэн ч зочин ирвэл гарыг нь 5-10 мянган төгрөгөөр цайлгана гэж иргэд ярилаа. Ач зээ, үр хүүхдүүдийнхээ гарыг цайлгах бэлэгний зардалд 300 гаруй мянгаас 500, 600 мянган төгрөг зэргээр харилцан адилгүй мөнгө зарцуулдаг ч хамгийн багадаа 200 мянган төгрөг зарцуулдаг байна.

Ирсэн зочдын гарыг боломжоороо цайлгана гэж ахмадууд хэлж байгаа бол залуус бэлэг авах гэсэндээ биш ахмад настнуудаа хүндэлсэндээ очиж золгодог гэдгээ чухалчилж байна. Түүнчлэн Баянхонгор аймгийн Гурванбулаг сум “АРХИГҮЙ, БЭЛЭГГҮЙ ЦАГААН САР” уриалгыг ч энэ сарын 5-нд гаргажээ.