Шинжилгээ авч буй өрөөнд халдвартай иргэдэд эмийн багц олгож байгаа нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна

“Ковид-19”-ийн халдвар манай улсад анх тархахад нийслэлд маш олон цэг гарган иргэдээс ПСР шинжилгээг үнэгүй авдаг байсан. Харин одоо бол иргэд ихэвчлэн эмийн сангаас түргэвчилсэн тестээ худалдан авч өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвд очиж түргэвчилсэн шинжилгээг өгч байгаа юм. Тэгвэл Өрхийн эрүүл мэндийн төвүүд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа өрөөндөө давхар ковид-ийн халдвартай иргэдэд эмийн багц тарааж байгаа нь халдвар тархах эрсдэл дагуулж байгааг иргэд хэлж байна.

БЗД-ийн 16-р хорооны хувьд гэхэд л цөөн хүн багтах жижигхэн өрөөнд иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авч, мөн халдвартай иргэдэд эмийн багц олгодог байна. Энэ талаар зарим иргэд гомдол санал гаргадаг ч ийнхүү нэг өрөөнд шинжилгээ авч, бас эмийн багц тараах зохицуулалт хийхээс өөр аргагүй байдаг талаар хэлж байна.

Нийслэлийн дийлэнх өрхийн эмнэлгүүд нэг өрөөнд иргэдээс шинжилгээ авч, мөн халдвартай иргэдэд эмийн багц тарааж байгаа. Энэ асуудалд эмнэлгийн удирдлагууд анхаарлаа хандуулж зөв зохицуулалт хийх хэрэгтэйг иргэд хэлж байна.