АНУ-ын засгийн газар стратегийн нөөцөөсөө 13 сая торх газрын тос дотоодын зах зээлд нийлүүлнэ

АНУ-ын эрх баригчид стратегийн нөөцөөсөө нийт 13.4 сая торх нефтийг дотоодын эрчим хүчний долоон компанид шилжүүлэхээр болсныг тус улсын Эрчим хүчний яам лхагва гарагт мэдэгджээ. 

Эрчим хүчний компаниуд шаардлагатай тохиолдолд улсын газрын тосны нөөцөөс түүхий газрын тосыг богино хугацаагаар зээлдэн авах журмаар нефтийг шилжүүлж байгаа гэж цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд “Shell”, “Trafigura”, “Phillips”, “Macquarie”, “Chevron”, “Exxonmobil” компаниуд хүлээн авна гэж уг мэдэгдэлд дурджээ. Зээлээр авсан түүхий эдээ компаниуд буцааж өгөх үүрэгтэй, гэхдээ журамд заасны дагуу тодорхой хэмжээний нефтийг нэмж өгөх ёстой юм байна. Тэгвэл шатахууны үнийг бууруулах, цар тахлын дараа дэлхийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефть гаргахаар болсноо АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн оны 11-р сард мэдэгдээд байсан юм.