Япончуудын идэх дуртай эрдэнэ шишийн гурилаар хийсэн “Umaibo” хэмээн нэрлэгддэг амттан 1979 онд анх худалдаанд гарч байжээ. Тэгвэл түүнээс хойш анх удаа энэ бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Токио хотод төвтэй “Yaokin” компанийн удирдлагууд 43 жилийн түүхтэй уг бүтээгдэхүүнийхээ үнийг бага зэрэг нэмэхээр болсноо мэдэгджээ.
Япончуудын хүүхэд насны дурсамжийг сэргээдэг эрдэнэ шишийн гурилаар хийсэн уг амттаны үнэ сүүлийн 43 жилийн хугацаанд огтхон ч нэмэгдээгүй нь тус улсын эдийн засаг энэ хугацаанд хэрхэн тогтвортой байсны тод илрэл юм гэж эдийн засагчид мэдэгдэж байна. Гэвч “ковид-19”-ийн халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр экспортын хувь хэмжээ нь багасаж улмаар үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрсэн талаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниас мэдэгджээ. Жилд дунджаар 700 сая иений борлуулалт хийдэг тус компани цар тахлын он жилүүдэд үүний 50 хувьд ч хүрэхгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Түүхий эдийн зардал нэмэгдэхээс гадна иений ханш сул байгаа нь экспортын зардлыг өсгөж байгаа тул Японы дотоодын үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг ийнхүү өсгөхөөс өөр сонголтгүй болсон байна. Уг амттаны үнэ 10 иен байсан бол 2 иенээр нэмэгдэж 12 иен худалдаалагдах болжээ.