Махны үнэ харьцангуй тогтвортой байсан ч цагаан сарын баяр дөхсөнөөр үнэ нэмэгджээ

Сүүлийн үед махны үнэ харьцангуй тогтвортой байсан ч цагаан сар дөхөж байгаа энэ өдрүүдэд хонины ууц, үхрийн өвчүүний үнэ эрс нэмэгджээ. Иргэдийн цалин орлого нэмэгдээгүй энэ үед өндөр үнээр сар шинийн бэлтгэлээ хангах нь хүндрэлтэй байгааг иргэд хэлж байна. 

Нийслэлийн статистистикийн газраас гаргасан мэдээллээр хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 11558 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14062 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн цул махны үнэ 119 төгрөгөөр хонины ястай махны үнэ 296 төгрөгөөр, хонины цул махны үнэ 125 төгрөгөөр тус тус өсчээ. Харин зах, худалдааны төвүүдээр хонины ууц 200- 430 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа бол үхрийн өвчүү нэг килограмм нь 12 мянгаас 15 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Махны үнэ ханш өнгөрсөн оны 12-р сард тогтворжиж байсан ч малын шүлхий өвчин нэмэгдсэнээс шалтгаалж үнэ бага зэрэг өссөнийг махны худалдаачин хэлж байгаа юм.  

Хүчит шонхор захад мах худалдан авахаар ирсэн иргэдийн сар шинийн баярыг нэгэнт тэмдэглэхээр болсон учраас хонины ууц, үхрийн өвчүү өндөр үнэтэй байсан ч худалдаж авахаас өөр сонголтгүй болж байгаагаа иргэд хэлж байна. Зөвхөн мах гэлтгүй бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц 14 хувьд хүрсэн энэ үед иргэдийн орлого нэмэгдэхгүй байгаа нь хүндрэлтэй байгааг тэд хэлж байлаа.