Насжилт дууссан 130 гаруй лифтийг яаралтай шинэчлэх шаардлагатай 

Орон сууцны эвдэрсэн лифтний хонгилд хүүхдийн амь эрсэдсэн мэдээлэл нийгмийг цочирдуулаад байна.

  • Манай улсын хэмжээнд 7000 гаруй лифт бүртгэлтэй байдгаас 6000 нь нийслэлд байдаг юм байна. Эдгээр лифтний угсралт, засвар ашиглалтын үйл ажиллагааг хариуцан явуулдаг 160 гаруй ААН байгаагаас 50 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
  • Тэгвэл чанарын шаардлага хангахгүй лифт импортолдог, мэргэжлийн түвшинд ажилладаггүй компаниуд нь лифтний эвдрэл үүсэх, цаашлаад үүнтэй холбоотой осол хэргүүд гарах нэг үндэслэл болж байна гэж холбогдох байгууллагууд үзэж байна. Түүнчлэн стандарт хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн, импорт дээр хяналт тавих эрхтэй байгууллага байхгүй учраас чанаргүй, хямд лифт оруулж ирэх тохиолдлууд гарч байгааг “Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газраас хэлж байна. 
  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар сүүлийн 3 жилд мэргэжлийн бус 3-н ч компанийн үйл ажиллагааг цуцлах санал гаргасан гэж мэдээлж байна. Харин 2021 оноос импортоор орж ирэх лифтэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл 2021 он хүртэл импортын хяналт хангалтгүй байснаас чанаргүй лифтнүүд суурилуулж байсан гэж ойлгогдохоор байгаа юм.
  • Мөн манай улсад өнөөдрийн байдлаар 1976-1986 оны хооронд суурилуулсан, насжилт нь дууссан 130 гаруй лифт байна. Эдгээр насжилт дууссан лифт болон импортын хяналтгүй үед оруулж ирсэн чанаргүй лифтнүүдийн эвдрэл гэмтэлд анхаарч, солих шинэчлэх ажлыг яаралтай хийхгүй бол цаашид дахин хүний амь эрсдэхгүй гэх баталгаа үгүй болжээ.

Улсын хэмжээнд байгаа лифттэй барилга, орон сууц бүр мэргэжлийн сургалтад хамрагдсан лифтчинтэй байх ёстой ч 50-60 хувь нь лифтчингүй. Мөн орон сууцны бүх СӨХ лифтний засвар үйлчилгээ хариуцсан тусгай зөвшөөрөлтэй компанитай тогтмол гэрээтэй ажиллах ёстой ч хууль дүрмийн дагуу ажилладаггүй СӨХ-үүд байдаг байна.

Тиймээс оршин суугчид аюулгүй байдлын төлөө орон сууцныхаа СӨХ-ийг лифтний компанитай гэрээтэй эсэхийг нягтлах, гэрээтэй ажиллахыг шаардах хэрэгтэйг холбогдох байгууллагууд зөвлөлөө. Мөн лифтний эвдрэлтэй холбоотой болон мэргэжлийн хяналтын газрын чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай дуудлагын “7012-8012” утсаар 24 цагийн турш мэдээлэх боломжтой.