Зарим аймгуудад агаарын бохирдол эрс нэмэгдэж байна

Агаарын бохирдлыг энгийн үгээр тайлбарлавал агаарт байгаа хүхэрлэг хий, нүүрс хүчлийн хий, азотын давхар исэл зэрэг хорт бодисуудын хэмжээ хүний эрүүл мэндэд хор учруулах түвшинд хүрэх гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд бид зөвхөн нийслэл хотын агаарын бохирдлыг ярьдаг байсан. Тэгвэл өнөө жилээс аймаг, орон нутагт ч агаарын бохирдол хэр хэмжээнээс хэтэрч байгааг орон нутгийн иргэд хэлэх болжээ.

  • Өнөөдрийн байдлаар 21 аймгийн төвүүдэд агаарын чанарыг хянах 26 суурин харуул ажиллаж, агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжээг хянаж байна.
  • 2021 онд Алтай, Арвайхээр, Баянхонгор, Даланзадгадад хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 2-28 микро-граммд хүрээд байгаа юм байна. Энэ нь агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас 1-1,4 дахин их байгааг харуулж байгаа юм.
  • Харин 2021 онд Орхон аймагт агаарын азотын давхар ислийн жилийн дундаж агууламж 9-49 микро-граммд хүрсэн бөгөөд энэ нь агаарын чанарын стандарт дахь хэвийн хэмжээнээс 1.2 дахин их үзүүлэлт юм.
  • Агаарт агуулагдах эдгээр хүнд металлууд, тоосонцрын хэмжээ зэргээс шалтгаалж Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дархан, Хөвсгөл, Орхон, Дорнод, Ховд, Сүхбаатар зэрэг аймгуудад агаарын бохирдол өндөр байна гэж мэдээлж байна.

Аймгуудын агаарын бохирдол нь хүйтэн өвлийг өнтэй давахын тулд түүхий нүүрс түлдгээс үүдэлтэй гэж үзэж байгаа юм. Тиймээс цаашдаа орон нутагт дэд бүтцийг сайжруулж, гэр хорооллыг орон сууцжуулах бодлого баримтлах замаар урт хугацаандаа аймгуудын агаарын бохирдлыг бууруулна гэж салбарын яамнаас мэдээллээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор орчны агаарын бохирдлын улмаас жилд 4.2 сая хүн амь насаа алддаг гэсэн тооцоо бий. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот хүйтний улирлын турш дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болсоор удаж байна. Тэгвэл одоо зөвхөн нийслэл хот гэлтгүй дийлэнх хөдөө орон нутгуудын агаарын бохирдол эрс нэмэгдэж, тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг нутгийн иргэд хэлж байна.

Жишээ татахад Орхон аймгийн тухайд гэхэд л тус аймгийн агаарын бохирдлын түвшин хэвийн хэмжээнээс 2-8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл Орхон аймгийн агаар “Маш их бохирдолтой” гэсэн дүгнэлтийг тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Орон нутгийн агаарын түвшин илтэд нэмэгдсэн учраас зарим аймгуудыг агаарын чанарын сайжруулах бүсэд оруулж агаарын бохирдлыг үе шаттайгаар бууруулах ажлыг төлөвлөж байгаа юм байна. Харин салбар яамны зүгээс орон нутгуудын гэр хорооллыг багасгаж дэд бүтцийг сайжруулах замаар түүхий нүүрсний хэрэглээг багасгавал агаарын чанар урт хугацаанд сайжирна гэлээ.

Нийслэлд Агаар, орчны бохирдлыг бууруулах олон ч төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй нь олон байдаг. Энэ жишээг давталгүйгээр хурдан хугацаанд орон нутгуудын агаарын бохирдлыг бууруулах нэн шаардлагатай байгааг иргэд хэлж байсан юм.