Өнөөдрийн байдлаар дотооддоо хөл хорио тогтоосон аймаг байхгүй 

“Ковид-19”-ийн омикрон хувилбарын тархалтаас сэргийлэх зорилгоор зарим аймгууд цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдэж, дотооддоо тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоогоод байсан бол өнөөдрийн байдлаар хязгаарлалт дууссан байна. Мөн одоогоор хөл хорио тогтоосон аймаг байхгүй гэж мэдээлж байна. Хэрэв цагаан сарын баяртай холбогдуулан тухайн аймаг, орон нутаг хөл хорио тогтоох шийдвэр гаргавал иргэдэд нэн даруй мэдээлэл түгээн ажиллахыг УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудад үүрэг болгожээ.

Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан УОК-ын Нэгдсэн штабаас орон нутгуудын шуурхай штабуудад үүрэг чиглэл өглөө. Тухайлбал энэ он гарснаар орон нутагт бүртгэгдэх “ковид-19”-ийн халдвар хурдацтай нэмэгдсэн. Улмаар Увс, Завхан, Дархан-Уул, Ховд, Баянхонгор, Дорнод, Говьсүмбэр зэрэг аймаг дотооддоо хязгаарлалт тогтоогоод байсан юм. Эдгээр аймаг орон нутагт олон нийтийн үйл ажиллагааг цуцалж, спорт урлагийн тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглож, зах худалдааны төвийн цагийн хуваарийг багасгах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байх зохицуулалтуудыг хийгээд байсан. Тэгвэл цаашдаа орон нутгууд дахин хзягаарлалт тогтоовол энэ талаар иргэдэд сайтар мэдээлэх үүргийг өглөө.

Түүнчлэн УОК-ын Нэгдсэн штабаас цагаан сарын баярын дараа халдвар тархах эрсдлийг тооцон эмнэлгийн ор, болон эмийн нөөцийг бүрдүүлэн ажиллахыг орон нутгуудын шуурхай штабуудад үүрэг болголоо.