Бээжингийн өвлийн олимпын хотхон албан ёсоор нээлтээ хийлээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Янчин дүүрэг, Хэбэй мужийн дагуул Жанчхүү хот дахь өвлийн олимпын хотхон уг наадамд оролцох тамирчид, төлөөлөгчдөд албан ёсоор өнгөрсөн ням гарагаас эхлэн үүд хаалгаа нээжээ. Олимпын хотхоны үйл ажиллагаа хариуцсан ажилтны мэдээлснээр, тус хотхонд наадмын үеэр нийт 50 гаруй улсын 10 мянга орчим тамирчин болон төлөөлөгчийг хүлээж авах юм байна. 

Тамирчдын байрлах орон байрны тав тухтай үйлчилгээнүүдээс гадна тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бялдаржуулах спорт заал, энтертайнмент төв болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууламжуудтай гэдгийг тэрбээр онцлон мэдэгджээ. Түүнчлэн “Бээжин-2022” өвлийн олимпын тэмцээн уралдаанууд болох байгууламжууд нь бүгд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах бөгөөд үүгээрээ урьд өмнө зохион байгуулагдсан олимпын наадмуудаас илүү онцлогтой юм байна. Өвлийн олимпын наадам нь ирэх сарын 4-20-нд болох бол Өвлийн паралимпын наадам нь гуравдугаар сарын 4-13-ны хооронд зохион байгуулагдана. 

Энэ удаагийн Өвлийн олимпын наадамд дэлхийн 90 гаруй улсын 2900 орчим тамирчин спортын долоон төрлийн 109 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм байна.