Нийслэл дэх зарим орон сууцны хорооллын иргэд зогсоол хүрэлцэхгүйн улмаас гэрийнхээ гадна авто машинаа тавьдаг. Харин сүүлийн үед ингэж тавьсан машинаа ачуулах, торгуулах тохиолдол гарсаар байна. Тэдгээрийн дотор зарим иргэд 300-600 мянган төгрөгийн торгууль хүлээж авсан тохиолдол ч байгаа юм. Тэгвэл төлөвлөлтийн дагуу баригдаагүй, анх захиалга авахдаа хэлж байсан тооны хангалттай зогсоолгүй орон сууцыг Улсын комисс хүлээж авсанаас үүдсэн хохирлыг иргэд хүлээж байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлж байна. Тиймээс үүсээд байгаа бодит нөхцөл байдал, оршин суугчдын эрх болоод эрх ашиг, санал сэтгэгдлийг холбогдох байгууллагууд хүлээн авч, цаг алдалгүй нэг шийдэлд хүрэхийг иргэд хүсэж байна.
Орон сууцны төслийн нийт талбайн 30 хувь нь авто зогсоол, ногоон байгууламж байх ёстой хэмээн Хот байгуулалтын тухай хуульд заасан байдаг. Мөн одоо мөрдөгдөж байгаа хотын стандартын дагуу 100 өрхтэй орон сууцанд 50 айлын дулаан зогсоол, 25 ил зогсоолыг төлөвлөх ёстой. Гэтэл дээрх хууль тогтоомж, стандарт зөвхөн цаасан дээр үлддэгийн нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын Хангай хотхон юм. 1000 гаруй өрхтэй тус хотхонд өвлийн улиралд түрээсийн дулаан зогсоол бүү хэл гадаа зогсоол олддоггүйг оршин суугчид хэлж байна.
Оршин суугчдыг буруутгаж торгосоор байх уу?, эсвэл орон сууц орчмын “Түр зогсох хориотой” тэмдгийг авах уу?
Харин ТЦА зөвхөн байршуулсан тэмдэг тэмдэглэгээг зөрчсөн, нөхцөлд торгууль тавьдаг. Нийслэлийн замын хөгжлийн газар тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажлыг хариуцна гэлээ. Нийслэлийн замын хөгжлийн газраас дээрх асуудлыг тодруулахад тус хотхоны түр зогсох хориотой тэмдгийг анх ТЦА-ны хүсэлтээр байршуулсан учраас Тээврийн цагдаагийн албатай хамтарсан ажлын хэсэг гаргаж газар дээр нь очиж ажиллана гэлээ. Тиймээс орон сууц орчмын түр зогсох хориотой тэмдгийг цагийн хязгаарлалттай болгох эсвэл тэмдэг тэмдэглэгээг авах гэх мэт шийдлийг цаг алдалгүй авах шаардлагатай байгааг иргэд хэлж байна