Олон улсын судлаачид “ковид-19”-ийн “омикрон” хувилбар нь үхэр зусгийн уушгийг “дельта” хувилбартай харьцуулахад бага гэмтээж байгааг тогтоожээ. Судалгааны багийн ахлагчдын нэгээр Токиогийн их сургуулийн анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Каваока Ёшихиро ажиллажээ. 

Уг судалгааны үр дүнг “Nature” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна. Судлаачид “омикрон”, “дельта” хувилбараар тус тус халдварласан үхэр зусгуудад ямар ялгаатай шинж тэмдэг илэрч байгааг нарийвчлан судлахад “омикрон”-оор халдварласнаас гурван хоногийн дараах байдлаар үхэр зусгуудын уушгин дахь вирусийн хэмжээ “дельта”-гаар халдварласантай нь харьцуулахад бага байжээ. Мөн компьютер томографаар харахад “дельта” хувилбараар халдварласан үхэр зусгуудын заримд нь хүнийхтэй адил хатгалгаа үүссэн байжээ. Харин “омикрон”-оор халдварласан амьтдад уушги нь бага зэрэг үрэвссэн байдал ажиглагджээ. Судлаачдын мэдээлснээр, “омикрон” хувилбар эмгэг төрүүлэх чанар бага, “дельта”-тай харьцуулахад үржих чадвар нь сул байгааг уг судалгаагаар харуулж чаджээ. Хэдийгээр “омикрон” хувилбараар халдварласан тохиолдолд илрэх шинж тэмдгүүд нь “дельта”-гийнхаас хөнгөн байгаа ч судлаачид сонор сэрэмжтэй байхыг ялангуяа ахмад настай, дархлаа султай хүмүүст уриалж байна. 

Энэтхэгийн насанд хүрсэн хүн амын 75 хувь нь вакцинд хамрагджээ

Энэтхэгийн насанд хүрсэн хүн амын 75 хувь нь “ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины хоёр тунд хамрагдаад байгаа талаар тус улсын засгийн газраас мэдэгджээ. Халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтаас үүдэлтэй халдварын гурав дахь давлагаа зарим мужид намжих төлөвтэй байгаа ч зарим хэсэгт, ялангуяа өмнөд нутагт нь халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байгаа юм байна. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди вакцинжуулалтын түвшин өндөр байгаад ард иргэдийн вакцинд итгэл итгэл ихээхэн ач холбогдолтой болохыг онцлосон байна. Түүнчлэн саяхнаас тус улсын засгийн газар хэд хэдэн бүс нутагт цар тахлын сүүлийн давлагааны үеэр авч хэрэгжүүлсэн хязгаарлалтуудыг цуцалсан байна. 

АНУ-д “модерна” вакциныг хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн баталжээ

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Мoдерна” компанийн “ковид-19”-ийн халдварын эсрэг вакциныг хэрэглэх зөвшөөрлийг өнгөрсөн даваа гарагт эцэслэн баталжээ. Уг вакциныг “SPIKEVAX” нэртэйгээр зах зээлд нийлүүлэх юм байна. Хүнс, эмийн чанарын хяналтын газар “модерна” вакцинд 2020 оны 12-р сард яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосноос хойш уг вакциныг АНУ-д төдийгүй дэлхий даяар хэрэглэж эхэлсэн юм. Хүнс, эмийн чанарын хяналтын газар нь “ковид-19”-ийн халдварын хоёр дахь вакцины зөвшөөрлийг эцэслэн баталж байгаа нь энэ бөгөөд урьд нь 2021 оны 8-р сард “Пфайзер” компанийн вакцинд зөвшөөрөл олгосон юм. “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины зөвшөөрлийг эцэслэн батлах нь цар тахлын эсрэг тэмцлийн чухал алхам болохыг Хүнс, эмийн чанарын хяналтын газрын комиссар Жанет Вудкок цохон тэмдэглэжээ. Мөн тэрбээр уг шийдвэр олон хүний вакцинтай холбоотой буруу ойлголтыг өөрчилнө хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү вакциныг Их Британи, Канад, Япон, Европын холбооны орнууд тэргүүтэй дэлхийн 70 гаруй улс оронд хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.