Афганистаны их сургуулиуд эрэгтэй хүүхдүүдэд үүд хаалгаа нээнэ

Афганистан улсын засгийн эрхийг өнгөрсөн оны 8-р сард “Талибан” хөдөлгөөнийхөн авсны дараагаар тус улсын их сургуулиудын үйл ажиллагааг зогсоогоод байсан юм. Тэгвэл 2-р сарын 2-оос үйл ажиллагааг нь буцаан сэргээнэ гэж тус улсын Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч мэдэгдсэн ч эмэгтэй оюутнууд сургуульдаа явж болох эсэхийг мэдэгдэлдээ дурдаагүй байна. Тус улсын цаг агаарын хувьд дулаан бүс нутагт байрладаг их сургуулиуд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх бол эрчим хүчний хомсдол нүүрлээд байгаа хүйтэн бүс нутагт байрших их сургуулиуд нь энэ сарын 26-нд нээлтээ хийхээр болжээ. Өмнө нь “Талибан” хөдөлгөөнийхөн эмэгтэй оюутнуудыг тусгай ангид сурч болно гэж мэдэгдэж байсан юм. Харин энэ удаад хэрхэх талаар шийдвэрээ танилцуулаагүй байна. Одоогоор Афганистанд ахлах сургуулиудын үйл ажиллагаа дахин эхлээд байгаа ч, зөвхөн эрэгтэй сурагчдад нээлттэй байгаа юм. Хувийн их дээд сургуулиуд ч ялгаагүй эмэгтэй оюутнуудад хаалттай хэвээр байгаа юм байна. Талибууд гаднынхнаас тусламж хүсч, хилийн чанад дахь битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай хүсэлт гаргаад байгаа. Тэгвэл энэ шаардлагын хариуд барууныхан эмэгтэй оюутнуудад боловсрол олго гэсэн нөхцөл тавиад байгаа юм байна.