Мьянмар улсад онц байдлын хугацааг сунгажээ

Мьянмар улсад цэргийн эргэлт гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрч байгаа ч тус улсын цэргийн хүчнийхэн улсын хэмжээнд зарласан онц байдлын хугацааг дахин 6 сарын хугацаагаар сунгаж байгаагаа мэдэгджээ. Цэргийн хүчнийхэн 2023 онд тус улсад сонгууль явуулахаар төлөвлөж байгаа тул онц байдлын хугацааг сунгах нь эрх мэдлээ бэхжүүлэх арга замыг сунгах боломж гэж улс төр судлаачид үзэж байна. 

Мьянмар улсад төрийн эргэлтийг эсэргүүцсэн иргэдийн тууштай тэмцэл үргэлжилсээр байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсээр байгаа юм. Үүний нэг тод жишээ нь өнгөрсөн оны 12-р сард тус улсын томоохон хот болох Янгонд цэргийн болон цагдаагийн газрууд үе үе халдлагад өртсөн явдал бөгөөд үүний ард ардчиллыг дэмжигч хүчний иргэд байсан гэж мэдээлжээ. Мөн цэргийн эргэлт гарснаас хойш ийнхүү нэг жил болж байгаа энэ үед энгийн иргэд дахин олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан цэргийн хүчнийхэн болон иргэдийн хооронд хурцадмал байдал дахин үүсэж эхлээд байна гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Идэвхтнүүдийн зүгээс иргэдэд хандан нэг өдөр ажил хаяж, гэртээ амрахыг уриалж байгаа бол эрх баригчид ийм төрлийн эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон хэн бүхэнд хуулийн чанга хариуцлага хүлээлгэнэ гэж анхааруулсан байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга өчигдөр цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ, “АНУ хүний эрхийн зөрчлийг арилгаж, хууль бусаар баривчлагдсан хүмүүсийг суллах, хүч хэрэглэн ардчиллын мөн чанарыг алдагдуулж байгаа үйлдлийг зогсоох шахалтыг цэргийн хүчнийхэнд үзүүлэх чиглэлд олон улсын түншүүдтэйгээ хамтран ажиллана” хэмээн мэдэгдсэн байна.