Эмч, сувилагчдын цалинг дорвитой нэмэхгүй бол энэ салбарт хүний нөөцийн дутагдал үүсэж байна

Өнөөдрийн байдлаар манай улсын эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудад нийт 56 мянган хүн ажиллаж байгаагаас 30 гаруй мянга нь улсаас цалинждаг байна. Тэдгээрээс хамгийн бага цалинтай нь буюу төрийн үйлчилгээ, эрүүл мэнд-1 шатлалаар цалинждаг эмнэлгийн шил угаагч сард 550 мянган төгрөгийн цалин авч байна. Цар тахлын үед АНУ, Австрали зэрэг улс орнууд буурай хөгжилтэй орнуудаас эрүүл мэндийн салбарын ажиллах хүч авч манай улсынхаас 10 дахин их цалин олгож, хүний нөөцөө бүрдүүлж байгаа энэ цаг үеэ дагаж манай улс ч эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин урамшуулалд дорвитой анхаарах нь зүйтэй гэдгийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо анхааруулсаар байна. 

Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, асрагч, мэргэжлийн бусад ажилчид төрийн үйлчилгээ эрүүл мэнд шатлалаар цалинждаг. Харин Өрхийн эмнэлгийн эмчээр жишээ авахад 780 мянган төгрөгийн цалинтай байгаа бол сувилагч нар 680 мянган төгрөгийн цалинтай байна.

Гэсэн хэдий ч манай улс цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан бусад хөгжилтэй улс орнуудын эрүүл мэндийн ажилтнуудтай харьцуулахад 10 дахин ачаалалтай ажиллаж байгааг эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлээс мэдээлж байсан удаатай. Энэ оны төсөвт эрүүл мэндийн ажилтнуудын цалинг гүйцэтгэл дээр суурилж 20 хүртэлх хувиар нэмэх боломж бүрдсэнийг сангийн сайд хэлж байгаа. Гэсэн ч гүйцэтгэлээр нэрийн дор цалин дорвитой нэмэгдэхгүй бөгөөд үүнээс ч илүү анхаарч, эрүүл мэндийн салбарыг хүний нөөцийн дутагдлаас сэргийлэх хэрэгтэйг үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэлж байна.

АНУ Австрали зэрэг улс орнууд омикрон хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай холбоотой эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний дутагдалд орж, бусад улсаас ажиллах хүч авахаа зарлаад байгаа. Тус улсууд олон улсын оюутнууд болон хөдөлмөр эрхлэх жуулчдыг визний хураамжаас чөлөөлөхөө мэдээлээд байгаа билээ.