БНХАУ болоод ОХУ харилцан бие биеийн үндсэн ашиг сонирхол, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж, тус тусын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ гэдгээ дахин нотоллоо гэж хоёр орны удирдагчдын уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчилж байгаа юм.
Хоёр орны төрийн тэргүүн нар Бээжин хотноо уулзаж, өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд оролцсон байна. БНХАУ, ОХУ нь Ази, Номхон Далайн бүс нутагт тусгай бүлэг байгуулах, бүлгүүдийн хооронд сөргөлдөөн үүсгэх аливаа оролдлогыг эсэргүүцэж байгаа бөгөөд Энэтхэг-Номхон Далайг чиглэсэн АНУ-ын стратегийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөөлөлд ихэд анхаарал хандуулж байгааг мэдэгдэлд мөн дурджээ.
Түүнчлэн хоёр тал Ази, Номхон Далайн бүс нутагт эрх тэгш, нээлттэй, хүртээмжтэй хийгээд аливаа гуравдагч орны эсрэг чиглээгүй аюулгүй байдлын системийг цогцлоох үүрэг амлалт өгсний сацуу энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хөхүүлэн дэмжихийн төлөө хүчин чармайлт гаргасаар ирснийг онцолсон байна.
Хамтарсан мэдэгдэлд тэмдэглэснээр, хоёр орон “AUKUS” буюу АНУ, Их Британи, Австралийн гурван талт аюулгүй байдлын түншлэл хийгээд стратегийн тогтвортой байдлыг хамарсан цөмийн шумбагч онгоцнуудын талбар дахь хамтын ажиллагаанд нь ихэд санаа зовниж байгаа юм байна. Мөн уг гэрээ нь Ази, Номхон Далайн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудтай эсрэгцэж, бүс нутагт зэвсэглэлээр хөөцөлдөх эрсдэлийг нэмэгдүүлэн, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх ноцтой эрсдэл учруулж байгааг дурдсан байна.
Иймд БНХАУ, ОХУ энэ төрлийн үйл ажиллагааг эрс зэмлэн буруушааж, “AUKUS”-ын оролцогчдод цөмийн болон пуужингийн зэвсэглэлийг үл дэлгэрүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалах үүрэг амлалтаа чандлан биелүүлэхийг уриалжээ.
Мөн хоёр тал цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ нь зэвсэг хураах, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх олон улсын тогтолцооны тулгын чулуу болохын зэрэгцээ дэлхийн энх тайван, аюулгүй байдалд зайлшгүй үүрэг гүйцэтгэдэг дайны дараах олон улсын аюулгүй байдлын тогтолцооны чухал хэсэг болохыг дахин нотолжээ. Ийнхүү олон улсын хамтын нийгэмлэг гэрээний гурван тулгуурын тэнцвэрийг хадгалж, гэрээний найдвартай байдал, үр өгөөж, нийтлэг шинж чанарыг хамгаалахын төлөө хамтран ажиллах хэрэгтэй гэж үзсэн байна.