Цонх, тагтаараа сүү өргөх нь бусдын эд хөрөнгийг бохирдуулан, бухимдлыг төрүүлж байгаа учраас муу үр дагавартай 

Нийслэлийн иргэд цай, сүүнийхээ дээжийг гэрийнхээ тагт, цонхоороо өргөж бусдын эд хөрөнгийг бохирдуулах тохиолдол их гардаг. Зөвхөн нийслэл ч гэлтгүй хөдөө орон нутагт ч иргэд шууд хөшөө, суварга руу сүү, цайныхаа дээжийг өргөдөг. Эдгээр нь уламжлалыг гуйвуулсан буруу үйлдэл бөгөөд монгол гэрийн тооноор сүү, цайныхаа дээжийг өргөсөнтэй адил цээртэй үйлдэл гэж үздэг ажээ.

Монголчууд эрт дээр үеэс идээ будаа, цайны дээжийг ёс үйлдэхдээ гэрийнхээ гадаа гарч 4 зүг 8 зовхисдоо өргөдөг уламжлалтай. Гэсэн хэдий ч орон сууцанд амьдардаг зарим иргэд цонх болон тагтнаасаа дээж өргөх нь маш элбэг тохиолдол болсон. Хэдийгээр тухайн хүн сайн, сайхан бүхнийг бодож, буян үйлдэх, ажил үйлсээ бүтээх зэрэг төрөл бүрийн зорилготой сүү, цайны дээж өргөдөг ч ийнхүү цонх, тагтаараа сүү өргөх нь бусдын эд хөрөнгийг бохирдуулан, бухимдлыг төрүүлж байгаа учраас сөрөг үр дагавартай юм. 

Хамгийн сүүлд гэхэд л цагаан сарын баяраар иргэд Сүхбаатар аймагт байрлах “Торой банди”-н хөшөө, овоонд очиж мөргөхдөө сүү, цайныхаа дээжийг хөшөө рүү цацан тахисан зураг цахим орчинд нийтлэгдсэн юм. Ийнхүү овоо тахиж, хөшөөнд мөргөхдөө холоос залбиран, сүү, цай зэрэг өргөлөө байгаль дэлхийд өргөхгүй байгаа нь тухайн хөшөө, овоонд хүндэтгэлгүй хандаж байгаагийн илрэл гэдгийг шашны байгууллагын төлөөлөл хэлж байна.

Иргэд овоо, хөшөөнд сүү, хэвийн боов зэрэг муудаж хөгцрөх хүнсний бүтээгдэхүүн өргөснөөр дулаан цагт гэсэж гашилж өмхийрч муудан таагүй орчин үүсгэдэг. Тухайлбал, амьтан шувуу хооллож болохуйц будаа тариа цацаж, байгальдаа ээлтэйгээр сүсэглэх нь эргээд буян болдог гэдгийг шашны төлөөллүүд хэлдэг.