Орон сууцны цоргоноос гарах зэвтэй ус тухайн орон сууцны дотоод шугамтай холбоотой гэв

Орон сууцны байрны усны цоргоноос зэвтэй ус гардаг асуудал нийслэлд түгээмэл байсаар удаж байгаа талаар иргэд хэлж байна. Чанар аюулгүй байдал хангагдсан ус цэвэр ус түгээх төв шугамаар дамжин дундын болон босоо шугамд нийлүүлэгддэг. Хэрэв цоргоноос зэвтэй ус гарч байгаа бол Сууц өмчлөгчдийн холбоондоо хандан орон сууцны дотоод сантехникийн шугамд гэмтэл гарсан, шугам хуучирсан зэргийг тодруулж арга хэмжээ авахуулах нь зүйтэй гэж Ус, сувгийн удирдах газрын мэргэжилтэн зөвлөж байна.

Иргэдийн зүгээс хуучин орон сууцууд болон зарим шинэ орон сууцны цоргоноос ч зэвтэй ус гардгийг хэлж байна. Ундны усандаа итгэлгүй байдаг учраас ихэнхдээ нэмэлт шүүлтүүр зэргийг ашигладаг бол зарим үед хувцасаа угаахад ч хүндрэлтэй байдаг гэв. Тэгвэл Ус, сувгийн удирдах газраас төв шугамаар нийлүүлж буй цэвэр усны чанарт өдөр бүр тогтмол хяналт шинжилгээ хийдэг гэлээ.

Нийслэлийн хэмжээнд дундын шугам буюу орон сууцны конторууд, босоо шугам буюу орон сууцуудад ус түгээдэг 600 гаруй км төвийн шугам байдаг. Хамгийн өндөр насжилттай шугам нь 63 жилийн насжилттай. Материалын хувьд ган, ширэм, хуванцар гэсэн 3 төрлийн шугамаар нийслэлчүүдийн ундны ус урсдаг. Ган шугам 45 жил, ширмэн шугам 60 жил, хуванцар шугам 100 жилийн насжилттай байдаг байна. 

Орон сууцны цоргоноос гарах зэвтэй усны асуудал тухайн орон сууцны дотоод шугамтай түлхүү холбоотойг мэргэжилтнүүд хэлж байна. Оршин суугчид болон СӨХ-ийн хүсэлтээр Ус, сувгийн удирдах газраас тухайн орон сууцны усны агууламжид шинжилгээ хийж, шугам хоолой засварлах зэрэгт шаардлагатай зөвлөгөөг өгдөг юм байна.