3.6 тэрбум ам.долларын биткойнуудыг хулгайлсан сэжигтнүүд баривчлагджээ

2016 онд Хонгконгийн хөрөнгийн биржээс хулгайлагдсан 94 мянга гаруй биткойныг хурааж авснаа АНУ-ын Хууль зүйн яам лхагва гарагт зарлажээ. Өнөөдрийн ханшаар тус биткойнууд нь 3.6 тэрбум ам.доллартой тэнцэж байна.

Тодруулбал, хулгайн биткоинуудыг хууль ёсны мөнгө болгон “угаах” үйл ажиллагаа явуулж байсан АНУ-ын нэгэн гэр бүлийн хосуудыг баривчилснаа тус улсын хууль зүйн яамны холбогдох албанаас мэдээлсэн байна. 34 настай Илья Лихтенштэйн, түүний гэргий 31 настай Хидер Морган нарыг Нью-Йорк хотоос баривчилж хэрэг үүсгэжээ. Хэрвээ шүүх тэднийг хулгайн хэрэгт буруутайд тогтоовол 20 хүртэлх жилийн хорих ял оноох заалттай юм байна. Тэднийг 2016 онд Хонконгийн “Битфайнекс” арилжааны төвөөс 119 мянган ширхэг биткоиныг хулгайн замаар олж авсан гэж буруутгаж байна. Энэ нь тухайн үеийн ханшаар 65 сая ам.доллартой тэнцэж байжээ.

Хосууд хулгайлагдсан биткоинуудаас 25 мянга орчмыг нь олон хуурамч нэртэй дансанд хуваан байрлуулж, алт, хувьцаа худалдаж авах зэрэг арилжаад зарцуулжээ. 

АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгч алдагдсан биткоинуудын хэрэгтэй холбоотойгоор арилжааны биржийн сүлжээнд анх хэн халдсан тухай сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзаж хэргийг мөрдөх ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгджээ.