АНУ-ын худалдааны алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ

АНУ-ын өргөн хэрэглээний барааны импортын хэмжээ нэмэгдсэнээс болж худалдааны алдагдал нь өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн талаар холбогдох албанаас өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн байна. АНУ-ын бараа, үйлчилгээний худалдааны алдагдал хоёр жил дараалан нэмэгджээ.  

АНУ-ын худалдааны яамнаас гаргасан тоон мэдээллээр, өнгөрсөн онд тус улсын худалдааны алдагдал 27 хувиар өсч 860 тэрбум ам.долларт хүрсэн байна.  

2021 оны гадаад худалдааны үзүүлэлтийг 2020 онтой харьцуулбал импортын хэмжээ 20 хувиар нэмэгдэж, 3 их наяд ам.доллар хүрсэн бол экспортын хэмжээ 18 хувиар өсч 2.4 их наяд ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл импорт, экспортын зөрүү нь 860 тэрбум ам.долларт хүрчээ. 

АНУ нь БНХАУ-ын гутал, хувцас, цахилгаан бараа, унадаг дугуй, гэрийн тэжээвэр амьтдын хоол зэрэг бараа бүтээгдэхүүнд хэдэн арван тэрбум ам.долларын татвар ногдуулсан хэдий ч өнгөрсөн онд БНХАУ-аас их хэмжээний барааг импортоор авсан хэвээр байжээ.

Түүнчлэн Вьетнам, Индонез зэрэг улсаас автомашины тоног төхөөрөмж, комьпютерийн чип зэрэг бүтээгдэхүүний импортын хэмжээ өнгөрсөн онд мөн өссөнийг тоон үзүүлэлтүүд харуулсан байна.