Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн хамгийн том бэрхшээл бол модон жорлонд бие засах байдаг. Жилийн есөн сард нь эцэг эх, гэр бүлээсээ хол амьдарч суурь боловсрол эзэмшиж буй малчдын хүүхдүүд өвлийн хүйтэнд гадаа бие засдагтай холбоотойгоор суурь өвчтэй болох, халдварт өвчин авах, тэр байтугай жорлонгийн нүхэнд унах зэрэг эрсдэлтэй асуудлууд олон бий. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр нийт 100 тэрбум төгрөгийн санхүүжилт хэдийнээ шийдэгдсэн ч тендерийн шалгаруулалтаас үүдэн ажил удааширч байгаа талаар албаныхан мэдээлж байна.
Манай улсын хэмжээнд 540 дотуур байранд 35 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Дотуур байруудын дийлэнх нь гаднаа жорлонтой, ус хангамж, ариун цэврийн байгууламжгүй гээд хүний наад захын хэрэгцээ шаардлагыг хангадаггүй байна. Олон жил болсон, эрүүл ахуйн шаардлага хангаагүй модон жорлонг ашигласнаар хүүхдүүд халдварт өвчин тусах, ханиад томуугаар өвчлөх, халтирч унаж бэртэх гээд олон эрсдэлтэй нүүр тулдаг байна. Түүнчлэн өвлийн хүйтэнд гадаа модон жорлон руу явахаасаа халширч уух шингэн зүйлээ хасах цаашлаад бие засахгүй тэвчих хүртэл тохиолдол байдаг байна.
Зөвхөн дотуур байр ч гэлтгүй улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр гаднаа модон жорлонтой. Олон жилийн турш хүүхдийн эрхийг зөрчиж буй модон жорлонгийн асуудлыг ярьсан ч шийдэл гаргаагүй, ажил хэрэг болгодоггүй. Тэгвэл Монгол улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолд “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна хэмээн заажээ.
Уг ажлын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан юм. Ажлын хэсгийн зүгээс тендерийн асуудлаас шалтгаалж ажил удаашралтай байна гэж мэдээлж байна. Жорлонгийн асуудлыг шийдвэрлэснээр хүүхдүүдийг халдварт өвчин болоод олон эрсдэлээс сэргийлэх боломжтой болох юм.