БНХАУ болоод бусад улсаас далайн болон төмөр замын тээврээр ирдэг өргөн хэрэглээний импортын барааны тээвэрт хүлээгдэл, тээврийн үнийн өсөлт үүсээд удаж байна. Манай улсын инфляци 14 хувь хүрэхэд голлон нөлөөлж байгаа тээвэр ложистикийн энэ асуудлыг шийдвэрлэхэд хөрш орнуудтай засгийн газар, гадаад харилцааны түвшинд хэлэлцэх ажлууд байгаа учраас төр хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. Япон, Солонгос, Зүүн Өмнөд Ази, Европын орнуудаас импортын ачаа бараа 5-6 сар болж ирж байгаа бөгөөд зөвхөн Тяньжин боомт дээр гэхэд л вагоны хуваариа хүлээж багадаа 2 сар болж байна.
Өнөөдрийн байдлаар Тяньжин боомт дээр Монгол улсын 4600 чингэлэг бөөгнөрөөд байна. Өдөрт 1-2 вагон ачаа ирж байгаа ч өдөрт хамгийн багадаа 2-3 вагон ачаа татаж байж импортын барааны хомстол хэвийн болох юм байна. Цаашлаад Тянжин дээр гацсан чингэлгүүдийн цаана далайн тээврийн компаниудын чингэлгийн түрээс, хүнс бараа муудах зэрэг олон хүнд асуудал тулгарч байна.
Импортын барааг төрөлжүүлж Тяньжинаас бусад боомтоор тээвэр хийдэг болох, транзит тээвэр болон импортын барааны тоо хэмжээг уян хатан, богино хугацаагаар төлөвлөж, дотоодын зах зээлээ хамгаалахын тулд импортын бараагаа түлхүү татах зэрэг зохицуулалт шаардлагатай байна.
Тээвэр ложистикийн энэ асуудал өнөөдөр үүсээд байгаа юм биш. Байршил ойр, ачаа бараанд эрсдэлгүй гэдэг талаасаа Тяньжин боомт нь Монгол улсын гадаад худалдаа, импортын гол гарц болсоор ирсэн. Гэсэн хэдий ч 10 жилийн өмнөөс л ачаалал ихтэй, Хятадын нүүрсний гол шугамтай давхцдаг зэрэг шалтгаанаар тогтвортой гарц биш гэдгийг Төвбанкны судалгаагаар ч дүгнэж байжээ. Гэсэн хэдий ч уг асуудал өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй байгаа юм.