Манай улсын нийт өрхийн 28.5 хувийг эмэгтэйчүүд толгойлж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өгсөн мэдээллээр өнгөрсөн онд 2823 гэр бүл шүүхээр шийдвэрлүүлэн гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ нь 2020 оноос 3.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэр бүл салалтад нийгмийн нөлөө тодорхой хувийг эзэлдэг ч дийлэнх шалтгаан нь гэрлэгсдийн зан байдлын ялгаа, архидалтаас үүдэлтэй байгааг мэргэжилтнүүд дурджээ. 

2020 оны хүн ам өрхийн тооллогоор монгол улсад 897 мянган өрх байгаа бөгөөд нэг өрх дунджаар 3.6 ам бүлтэй байна. Нийт өрхийн 28.5 хувийг эхчүүд толгойлж байгаа статистик мэдээлэл байна. 

Иргэний хэргийн шүүхэд шийдэгдэж байгаа маргааны 20 орчим хувь нь гэр бүлийн маргаан гэсэн статистик байдаг. Гэр бүл салах шалтгаануудыг дурдвал төрөл садан, ах дүү нь нөлөөлдөг, архидан согтуурдаг, бие биедээ хүчирхийлэл үзүүлэх зэрэг нь голлон нөлөөлж байна. Нарийвчилсан мэдээллээр гэрлэлт цуцалж байгаа үндэслэлийн дийлэнх нь зан байдал нь хоорондоо таараагүй, мөн архидалтаас үүдэлтэй байгаа юм.