Жо Байден жороор олгодог өндөр өртөгтэй эмийн үнийг бууруулах амлалт өгчээ

Өнгөрсөн 1-р сард АНУ-ын инфляцийн түвшин сүүлийн 40 жилд байгаагүй өндөр үзүүлэлттэй буюу 7 хувьд хүрсэн гэж тус улсын төв банкнаас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан тус улсад жороор олгодог эмийн үнэ тариф инфляцийн өсөлттэй зэрэг нэмэгдсэнээр нэгдсэн улсын дөрвөн хүн тутмын нэг нь эмчийн бичиж өгсөн жорын дагуу эмээ худалдан авч чадахгүйд хүрээд байгаа юм байна.

 АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр жороор олгож байгаа эмийн хүртээмжийг нэмэгдүүлж, үнийг бууруулах амлалт өгсөн байна. 

Хүнд өвчтэй хүмүүс, өндөр настай иргэд зэрэг тус улсын эмийн эмчилгээ авах шаардлагатай нийт иргэдийн дөрвөн хүн тутмын нэг нь эмчийн бичиж өгсөн жорын дагуу авах ёстой эмийн өртөг өндөр учраас худалдан авч чаддаггүй. Энэ талаар АНУ-ын Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвөөс гаргасан судалгаанд дурджээ. 

Дэлхийн дахинд “ковид-19”-ийн халдварын улмаас бүх төрлийн үйлчилгээний зардал өссөн, бараа бүтээгдэхүүний үнэ нийлүүлэлтийн сүлжээний хямралаас үүдэлтэйгээр урьд хожид байгаагүйгээр нэмэгдсэн зэрэг эдийн засгийн томоохон сорилттой дэлхийн улс орнууд нүүр тулаад байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэгвэл АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр, цахилгаан, дулаан, хүнсний бараа бүтээгдэхүүн, түрээсийн үнэ өнгөрсөн сард 1-8 хувь хүртэл өссөн байна. Үүний гол шалтгааныг тээвэр зуучийн салбарын хямрал болон эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж, газрын тосны үнэ өссөнтэй холбоотой гэж үзжээ. 

Дээрх шалтгаанууд нь эмийн үнэд хүртэл нөлөөлж байгааг, бүр цаашилбал АНУ-ын иргэдийн эрүүл мэнд, амь настай холбогдож байгааг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлсэн үгэндээ онцолжээ.