Шатахууны үнэд төрөөс тодорхой хэмжээнд, бодлогын түвшинд оролцох нь зөв гэж эдийн засагчид үзэж байна

Дэлхийн зах зээлд сүүлийн өдрүүдэд баррель газрын тосны үнэ өсч 92 америк доллар болоод байна. Мэргэжилтний зүгээс дэлхийн зах зээлд гарсан үнийн өсөлт манай улсад сарын дараах татан авалтын үед нөлөөлөх ёстойг хэлж байгаа ч шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ 40-50 төгрөгөөр нэмжээ. Тэгвэл эдийн засагчдын зүгээс стратегийн бүтээгдэхүүн болох шатахууны үнэд төрөөс тодорхой бодлого баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн манай улсын хувьд байгалийн хий ашиглах зэргээр шатахууны үнийн асуудалд нааштай зохицуулалт хийх нөөц бололцоо бий гэж эдийн засагч хэлж байна.

Шатахууны үнийг хувийн хэвшлүүдэд даатгаад орхих нь зөв үү гэдэгт эдийн засагчид бодлогын түвшинд төрөөс оролцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Дорноговь аймагт баригдаж байгаа газрын тос үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг яаравчлуулснаар импортын шатахууны үнийг тодорхой хэмжээнд барихад нөлөөлнө. Тэр болтол шатахууны үнэд төрөөс тодорхой хэмжээнд оролцох нь зөв гэж эдийн засагч үзэж байна

Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр маш их савлагаатай байдаг бөгөөд олборлогч орны түүхий эдийн эрэлт өсөх, үнэ өсөх зэрэгт уялдан шатахуун импортлогч үнээ тогтоож байна уу гэдгийг хянах шаардлага байна. Мөн эргээд шатахуун нийлүүлэгч улс үнээ буулгахад харилцан уялдаатай байх ёстой гэдгийг эдийн засагч анхааруулав.

Түүнчлэн улс орнууд шатахуун экспортлогчидтой удаан хугацааны гэрээ хийж үнийг тогтворжуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд үнийн савлагаа ихтэй байгаа зах зээлд урт хугацааны гэрээ хийх нь ашиггүй байх тохиолдол түгээмэл гарч байна.