Монгол улсын иргэн төрсний дараа улсын бүртгэлийн байгууллага тухайн иргэнийг хэдэн онд, хаана, ямар хүйстэйгээр төрснийг илэрхийлэх давхцахгүй өгөгдөл буюу регистрийн дугаарыг олгодог. Харамсалтай нь цаг үеийн нөхцөл байдалд регистрийн дугаар нь хүний хувийн мэдээллийг хэт их агуулдаг тул хүний хувийн мэдээллийг хамгаалах цаг үеийн шаардлага тулгарсан. Мөн шүүхээр ямар нэгэн байдлаар насаа тогтоолгох зэргээр регистрийн дугаар өөрчлөгдөх тохиолдол гардаг. Гэтэл мэдээллийн санд регистрийн дугаар өөрчлөгдөх бололцоо хуулиараа байдаг учраас энэ нь давхцахгүйгээр иргэнийг таньж баталгаажуулах хэрэглүүр байж чадахгүй байна.
Одоогоор ХЗДХЯ-аас регистрийн дугаарыг 13 оронтой тоогоор орлуулах чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.