Диализын аппаратын гуурс тасарснаас өвчтөнүүд эмчилгээндээ орж чадахгүй байдал үүсжээ

Манай улсын хэмжээнд бөөрний дутагдлын диализын аппаратад тогтмол ордог 1144 өвчтөн байдаг байна. Тэдэнд эмнэлгийн 48 байгууллага нийт 243 аппаратаар үйлчилдэг. Харин энэ эмчилгээ зогсох эрсдэл ороод байгаагийн учир нь диализын аппаратын гуурс аймаг болон дүүргүүдийн эмнэлгүүдэд тасраад 7 хонож байгаа юм байна. Аппаратын үйлчилгээ тасрах нь өвчтөнүүдийн амь насанд эрсдэлтэй тул иргэд хувиараа гуурсны эрэлд гараад ч олдохгүй байгааг хэлж байгаа юм. Тэгвэл цагаан сарын өмнөөс ховордож эхэлсэн энэхүү аппаратын гуурс Замын-Үүд эрээн боомтод гацсан тухай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас хэллээ.  Татан авах ажлыг эрчимжүүлж байна гэж мэдээлж байна. 

Цагаан сарын өмнөөс орон нутгийн эмнэлгүүд аппаратад ордог өвчтөнүүдээ гуурс нь тасарсан учир нийслэл рүү яв гэдэг зөвлөмж чиглэл өгч эхэлжээ. Энэ хэрээр улсын эмнэлгүүдийн аппаратын ачаалал нэмэгдсэн бол улсын нэг, гуравдугаар эмнэлгүүд тасрах эрсдэлтэй материалын мэдээллээ Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байгаа гэсэн юм. 

Диализын аппаратаар үйлчилдэг хувийн эмнэлгүүд өөрсдийн бүртгэлтэй өвчтөнүүдээ л авч байгаа гаднаас өвчтөн авахгүй байгаа юм байна.