Төрөөс хамааралтай банк, сангийн зээл, эргэн төлөлт, зээлдэгчдийн мэдээллийг нийтэд нээлттэй болгож, иргэдийн хяналтыг сайжруулах шаардлагатай

Хөгжлийн банк хэвлэл мэдээллийн байгууллагад хаалттай, ямар зээлдэгч хэчнээн төгрөгийн зээл авсан эсэх нь тодорхойгүй, ил тод бус ажилласаар 2011 оноос хойш өдийг хүрсэн. Гэвч чанаргүй зээлийн хэмжээ нь 60 орчим хувьд хүрч, асуудал тартагтаа тулахад өнгөрөгч 1-р сард анх удаа чанаргүй зээлдэгчдээ, зээлийн үлдэгдэлтэй нь зарласан. Хэдийгээр банкны зээлдэгчид болон зээл олголтын талаарх мэдээлэл олон нийтэд ил тод бус байдаг ч Хөгжлийн банк нь төрийн баталгаагаар үйл ажиллагаа явуулдгийнхаа хувьд нээлттэй, ажиллаж, иргэдийн хяналтад байх ёстой.  Монгол улсын хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.4 дэх хэсэгт ил тод байх зарчмыг баримтална гэж хуульчилчихсан.

Одоогоос хэдхэн жилийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авч, мөн л Хөгжлийн банк шиг шуугилдаж байв. Хөгжлийн банкны асуудал ЖДҮ-ийн асуудал шиг өнгөрөх вий гэсэн хардлага ч иргэд, олон нийтийн дунд бий. Тиймээс төрөөс хамааралтай бүх тусгай сан болоод Хөгжлийн банкийг олон нийтэд ил тод, иргэдийн хяналттай болгоё.