ХБНГУ-ын канцлер Украиныг НАТО-д элсүүлэх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдлээ

Өнгөрсөн даваа гарагт Украины нийслэл Киев хотод айлчилсан Германы Канцлер Олаф Шольц өрнөдийн ямар нэг эвсэлд Украиныг элсүүлэх төлөвлөгөө байхгүйг мэдэгджээ. Олаф Шольц өнөөдөр ОХУ-ын нийслэл Москвад айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

“Төлөвлөгөөнд ороогүй зүйлийг Оросын засгийн газар улс төрийн томоохон асуудал болгож байгаа нь нэг талаас сонирхолтой үзэгдэл боловч өнөөдөр бидэнд тулгараад байгаа гол асуудал болж байна” гэж Украины ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Шольц хэлсэн байна.

Украины хилийн орчимд байршуулсан 130,000 орчим цэргээ татахыг АНУ-ын засаг захиргаа ОХУ-аас шаардаж байгаа.

Харин Москвагийн эрх баригчид NATO-гийн өргөжилтийг зогсоох зэрэг аюулгүй байдлын баталгааг өрнөдийн холбоотнуудаас шаардаж байна. Уг зөрчилд Герман улс харьцангуй зөөлөн байр суурь баримталж байгаа гэж шинжээчид үзэж байна.

Украины ерөнхийлөгч Зеленский Олаф Шольцтой уулзсаныхаа дараа зарим асуудлаар Германы засгийн газартай санал зөрж байгаагаа хэлсэн нь эсрэг байр суурьтай гэдгээ илэрхийлсэн явдал болжээ. Тодруулбал, “Умардын-Урсгал 2 хийн хоолойн асуудал дээр бидний санал зөрчилдөж байна. Бид үүнийг Оросын геополитикийн зэвсэг гэж хардаг” гэж Зеленский мэдэгджээ. Балтийн тэнгисийн усан доогуур татсан хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулах асуудал өрнөдийн холбоотнуудын дунд нэлээд маргаантай байгаа. Одоогоор Герман улсын эрх баригчид хоолойг нээх зөвшөөрөл өгөөгүй байна. Хэрвээ ОХУ-ын цэрэг Украинд халдвал Умард-Урсгал 2 хоолойн төслийг зогсоохоо АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден амлаад байгаа юм.