Худалдаа, үйлчилгээний зарим байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ

Нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох Нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Түүнчлэн цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан худалдаа, үйлчилгээний зарим байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан тухай Нийслэлийн захирагчийн албанаас мэдээлжээ.

Согтууруулах ундааг худалдахыг хориглосноор дамын наймаа, хууль бус худалдаа ихсээд зогсохгүй, ахуйн хүрээний архидалт, хяналтгүй нөхцөл байдал үүсэж байгаагийн улмаас ийнхүү сар бүрийн 1-нд согтууруулах ундаа худалдаалах шийдвэрийг цуцлахаар болжээ. Мөн архидан согтууруулахтай тэмцэх бодлогыг хориглосноос илүү зохистой хэрэглээг дэмжих, соён гэгээрүүлэх бодлогыг баримтлах нь зөв гэж үзжээ. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг өөрчилсөн байна.

Ийнхүү засаг даргын захирамжийн дагуу согтууруулах ундаа түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, нийтийн орон сууцанд байрлах ресторан, бар, кафе, шөнийн 00:00 цаг хүртэл согтууруулах ундааг худалдана. Харин зориулалтын байртай ресторан, баар, кафе өглөөний 05:00 цаг хүртэл согтууруулах ундаа худалдаалах боломжтой болж байна.