Хүн амын багагүй хувь нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манай улсад туслах малчны ажлын байр хэдийнээ бий болсон. Гэвч туслах малчдын хөдөлмөрийн харилцаа энэ оныг хүртэл хуулийн зохицуулалтгүй байсаар иржээ. Та бүхэнд тоон мэдээллийг хүргэе.
- 2020 оны статистик мэдээллээр манай улсад 18232 туслах малчин байдаг гэсэн судалгаа гарчээ. Хүний эрхийн үндэсний комиссын 6 аймаг 18 сумын 1244 малчинг хамруулсан судалгаагаар туслах малчид зөвхөн аман гэрээгээр хөдөлмөрөө үнэлүүлж, ажилласан цаг, хийсэн гүйцэтгэлдээ тохирсон хөлс авч чадахгүй байгаа үр дүн гарчээ.
- Улмаар хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулснаар энэ оны 1 сарын 1-ээс эхлэн туслах малчин, гэрийн үйлчлэгчдийн хөдөлмөрийн харилцааг хуулиар зохицуулдаг болсон.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 71-р зүйлд туслах малчны хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан бол тус хуулийн 112-р зүйлд туслах малчны цалингийн 30 хувьд мал эд бараа өгөх, 70 хувийг бэлэн мөнгөөр олгох тухай заажээ.
- Гэтэл туслах малчдын 3.6 хувь нь хуулиар заасан эрхээ эдэлж чадахгүйн дээр цалин хөлсөө авч чадахгүй байх, загнуулж зодуулах мөн бэлгийн хүчирхийлэлд өртдөг тухайгаа судалгааны явцад ганцаарчилсан ярилцлагаар хуваалцжээ.
Туслах малчид 7 хоногийн 7 өдөр үүрийн 5.6 цагаас орой 10 цаг хүртэл ажилладаг байна. Туслах малчны эхнэр нь нөхрийнхөө ажил хөдөлмөрт цалин хөлсгүй оролцох, хамжих нь түгээмэл байна. Судалгаагаар малчин өрхийн 3 хүүхэд тутмын 2 нь эцэг, эхийн хүлээсэн үүргийн дагуу цалин хөлсгүй ажилладаг гэжээ.
Түүнчлэн эмэгтэй туслах малчдын дунд сүүлийн 12 сарын хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдлууд гарсан нь энэ хүрээнд хүний эрхийн ноцтой зөрчил байгааг харуулж байна. Мөн 10 туслах малчин тутмын 1 нь зорчих эрхийн хязгаарлалтад өртдөг байна. Бичиг баримтыг нь барьцаалж эмнэлгийн үйлчилгээ авахаар аймгийн төв, хот руу зорчих болон төрөл төрөгсдөдөө очих эрхийг хязгаарладаг гэжээ.
Мөн судалгаагаар туслах малчин өрхийн жилийн орлого нь хувь малчин өрхөөс хоёр дахин, ажил олгогч малчин өрхөөс 3 дахин бага байгаа дүгнэлт гарсан байна.