2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүсэлт өгөөгүй 3 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжгүйд хүрчээ

Засгийн газрын шийдвэрийн дагуу 2020-2021 оны хичээлийн жил буюу өнгөрсөн жил зөвхөн 4 болон 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж байсан. Тэгвэл энэ хичээлийн жилийн хоёрдугаар хагас буюу 2-р сарын 14-өөс 3 настнуудыг цэцэрлэгт хамруулж эхэлсэн. Ингэхдээ 2020-2021 оны хичээлийн жилд цахимаар бүртгэл хийлгэсэн 3 настнуудыг цэцэрлэгт хамруулах зохицуулалт хийгээд байсан юм. Тэгвэл 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүсэлт өгөөгүй зарим 3 настнууд цэцэрлэгт хамрагдах боломжгүйд хүрээд байна.

Энэ сарын 14-өөс эхлэн манай улсын нийт 3 настай хүүхдүүдийн 61 хувь нь цэцэрлэгт хамрагдаад байна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байгаа 2018 оны хүүхдүүдийн зарим нь 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ цахимаар гаргаагүйн улмаас ийнхүү цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүндрэл үүсэж байгааг эцэг эхийн төлөөлөл хэлж байна.

Энэ талаар Нийслэлийн боловсролын газраас тодруулахад цэцэрлэгийн хүрэлцээ багтаамжаас шалтгаалж удахгүй болох “бага” бүлгийн бүртгэл буюу 2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэж дууссаны дараа салбар яамнаас шийд гаргавал цахим бүртгэлээс хоцорсон 2018 онд төрсөн хүүхдүүдийг бүртгэх боломжтой гэлээ.

Ийнхүү 2018 онд төрсөн 2020-2021 оны цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаж чадаагүй зарим хүүхдүүд энэ жил ч мөн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Уг асуудлыг боловсрол шинжлэх ухааны яамнаас нэн даруй шийдвэрлэж өгөхийг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байна.