Владимир Путин дайныг хүсэхгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна

Өнгөрсөн лхагва гарагт ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москва хотноо Канцлерын хувиар анх удаа айлчлал хийлээ. Талууд Орос-Украины хил дээр үүсээд байгаа хямралын талаар голчлон хэлэлцсэн байна. 

Олаф Шольц мягмар гарагт Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киев хотноо уулзсаныхаа дараа Москвад айлчилсан юм. “Улс орнуудын харилцааны асуудлыг сайтар хэлэлцэн зөвшилцөх замаар зохицуулах нь амин чухал” гэдгийг Олаф Шольц Владимир Путинтэй уулзах үеэрээ онцлоод, түүнтэй нүүр тулан уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтын дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Германы Канцлер, “Европ хурцадмал байдал дайн болон даамжирч буйг үзэхгүй байх нь бидний засгийн газрын тэргүүн нарын хувиар гүйцэтгэх гол үүрэг юм” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Мөн Орос, Германы Европын түншүүдийн хоорондын дээд түвшний яриа хэлэлцээ нь тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг нэмж хэлжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийн хурлын үеэр, “Бид цаашид хамтран ажиллаж, хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдээд, Герман улс нь Оросын хамгийн чухал түншүүдийн нэг болохыг дурджээ. Владимир Путинаас “Тасс” агентлагийн сэтгүүлч дайн гарах магадлалтай эсэх талаар тодруулахад, “Бид Европт дайныг хүсэхгүй байна” гэж хариулжээ. Мөн “Европт дайн гарна гэж энэ цаг үеийн хүмүүст төсөөлөгдөх ч үгүй байгаа” хэмээн Шольцын урьд нь хэлсэн үгийг эш татсан байна. "Чухам тийм учраас бид бүх талын аюулгүй байдлын асуудлыг адил тэгш хэлэлцэх үйл явцыг эхлүүлэх саналыг тавьсан" гэдгийг тэрбээр онцолжээ.