Гемодиализын аппаратын гуурс, хэрэгсэл цагаан сарын өмнөөс орон нутагт тасарч, өвчтөнүүд Улаанбаатарт ирж хувийн эмнэлэгт 125 мянган төгрөгөөр аппаратад орж байгаа бол зарим нь аппаратад орох боломжгүй хордлогод орж, цаашлаад амь насанд нь ч эрсдэл үүсч байгааг хэлж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2 хоногийн өмнө хил дээр саатсан гемодиализын шүүлтүүр, гуурс бүхий 40 тонн ачааг татаж, өчигдөр шаардлагатай аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргэлээ гэж мэдээлж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар аймгуудын, жишээлбэл Хэнтий аймгийн гемодиализын эмчилгээ жигдрээгүй байна.
Улсын хэмжээнд бөөрний дутагдлын эмчилгээний гемодиализын аппаратад тогтмол ордог 1144 өвчтөн байна. Тус эмчилгээ нь амь насны заалттай чухал эмчилгээнд хамаардаг боловч аппаратын үйлчилгээ доголдож өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрлээ. Түүнчлэн гемодиализын аппаратаар үйлчилдэг хувийн эмнэлгүүд өөрсдийн бүртгэлтэй өвчтөнүүдээс илүү өвчтөнд үйлчлэх боломжгүй гэдэг хариултыг өгч байгаа нь хэрэгсэл тасарсан үед аппаратаар амь залгуулж байгаа өвчтөнүүдийг мухардуулж байна.
Орон нутагт гемодиализын аппаратад ордог иргэд 7-р сараас эхлэн аппаратын хэрэгслүүд дуусахын өмнө дараагийн хэрэгсэлтэйгээ арай ядан залгасаар ирсэн гэлээ. Өөрөөр хэлбэл, эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн үйлчилгээ орон нутагт хангалтгүй, тэгш бус хуваарилалттай байна.
Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас зохицуулалт хийсэн тухай цахим хуудсаараа мэдээлээд байгаа юм. Аль аль эмнэлэг, аймгууд руу хэд хоногийн нөөц явуулсан талаарх мэдээлэл өгөх дарга хуралтай тул хариулт өгөх боломжгүй гэлээ. Эм эмнэлгийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлж байгааг холбогдох газрууд мэдээлсээр байсан ч ийнхүү амь насны заалттай чухал эмчилгээ тасарлаа. 11-р сард улс даяар мөн л нэг удаагийн тариур зүү тасарч сандарч байсан. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын үндсэн үүрэг хүн амыг эм эмнэлгийн хэрэгслээр таслахгүй, жигд хүртээмжтэй хангах. Гэтэл 6 газар, 2 хэлтэс, нэг лаборатори, 80 хүний орон тоотой тусгай агентлаг ажиллаж байгаа ч Монгол улс эм эмнэлгийн хэрэгслийн хомстолд орж, орон нутгийн өвчтөнүүд хаягдсаар байна.