Нийслэлийн төрийн аудитын газраас өнгөрсөн оны 5-аас 9-р сарын хооронд нийслэл дэх автомашин ачилт болон төлбөртэй зогсоолын журмын хэрэгжилт, үйл ажиллагаанд хийсэн аудитаар авто машин ачилтын үйл ажиллагаа явуулж байгаа 14 ААН журмаа мөрддөггүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас тавих хяналт хангалтгүй байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Мөн 130 гаруй зөвшөөрөлгүй зогсоол нийслэлд байгааг онцолжээ.
Авто машин ачилтын үйлчилгээ эрхлэгчид нь ажилтнууддаа дүрэм журмыг таниулаагүй, сургалт мэдээллээр хангаагүй ачсан машины тоогоор цалинг боддог нь уг үйлчилгээний үндсэн зорилгыг хангахад бус хэт ашгийн төлөө ажиллахад хүргэж байна гэж дүгнэжээ. Мөн аудитын дүгнэлтээр төлбөртэй зогсоол ажиллуулах журмыг шинэчлэх шаардлагатай гэжээ. Учир нь нийслэлийн автомашины тоо 200 мянга байхад буюу 2009 онд батлагдсан зогсоолын журам автомашины тоо 600 мянга гаруй болсон өнөөгийн бодит хэрэгцээг хангахгүй болжээ.
Аудитаар илрүүлсэн зөвлөмж шаардлагын хэрэгжилтийг бүрэн хангуулж 4-р сарын 10-ны дотор хариу ирүүлэхийг Нийслэлийн засаг дарга болон Замын хөгжлийн газарт зөвлөжээ.