Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 1-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр 16.9 сая америк долларын алдагдалтай гарчээ

Манай улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 1-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр 16.9 сая америк долларын алдагдалтай гарчээ. Тухайлбал экспорт өмнөх оны мөн үеэс 100.2 сая америк доллароор буураад байна. Ийнхүү экспортын хэмжээ буурахад гадаад улс руу тээвэрлэх зэсийн баяжмал, нүүрсний хэмжээ буурсан нь голлон нөлөөлжээ.

Манай улс энэ оны эхний сард нийтдээ 177 улстай худалдаа хийж, гадаад худалдааны хийт бараа эргэлт 1.1 тэрбум америк долларт хүрчээ. Үүнээс экспорт 539.6 сая америк доллар, импорт 565.5 сая америк доллар байна. Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 2.5 сая америк доллараар буурчээ. Манай улсын экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг бол ноос ноолууран бүтээгдэхүүн удаалж байна. Тэгвэл экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс ийнхүү буурахад нүүрс 77.9 сая америк доллараар нөлөөлсөн бөгөөд сүүлийн 2 сар дараалан нүүрсний экспортын хилийн үнэ буураад байна. Харин импорт өмнөх оны мөн үеэс 97.7 сая америк доллараар өсөхөд дизелийн түлш, авто бензин, суудлын авто машины импортын хэмжээ өссөн нь голлон нөлөөлжээ.

Ийнхүү гадаад худалдааны алдагдалтай байгаа нь цар тахлаас үүдсэн хил гаалын асуудлаас шалтгаалж байгааг эдийн засагч хэлж байна.

Цаашдаа манай улс үйлдвэрлэгч улс болох замаар гаднын улсаас орж ирж буй импортын бараа бүтээгдэхүүний хувь хэмжээг бууруулан мөнгөн урсгалын дотооддоо эргэлдүүлэх хэрэгтэй гэлээ.