Энэ оны 5-р сарын 1-ээс эхлэн улсын хэмжээнд хүн амын дунд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг зохион байгуулахаар боллоо. Хэдийгээр иргэдийг насны бүтцээр ангилж, багцын шинжилгээнд хамруулдаг ч жилд дунджаар нийт зорилтот бүлгийн 10 орчим хувь нь л үзлэг, оношилгоонд хамрагддаг байна.
Тиймээс иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор насанд хүрэгчдээс гадна 0-18 насны хүүхдүүдийг ч эрт илрүүлэгт оролцуулахаар болсон байна. Ингэхдээ хүүхдүүдийг 15 төрлийн, насанд хүрэгчдийг 23 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулна. Эдгээр шинжилгээнд Монголчуудын нас баралтын голлох шалтгаан болсон зүрх судас, хавдрыг эрт илрүүлэх шинжилгээг ч багтаажээ. 2022 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн 60.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр үзлэг, шинжилгээг зохион байгуулна.
Венецийн дүрслэх урлагийн ОУ-ын Биенналь болон Каннын кино наадамд оролцоход дэмжлэг үзүүлнэ
Мөн дүрслэх урлагийн болон кино урлагийн уран бүтээлчдэд ээлтэй шийдвэрийг засгийн газраас гаргалаа. Үүнд, уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад сурталчлах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Венецийн дүрслэх урлагийн олон улсын Биеннал болон Каннын кино наадамд тус тус оролцоход Соёлын яамнаас дэмжлэг үзүүлж байхаар болжээ.
Монголын уран бүтээлчид дээрх олон улсын наадмуудад 2015, 2017 оноос хойш амжилттай оролцсон ч өөрсдийн дотоодын нөөц бололцоогоор санхүүжилтийг шийдвэрлэсээр иржээ.