Нийслэлийн замын ачаалал хэвийн хэмжээнээс 3 дахин хэтэрч түгжрэлээс үүдсэн асуудлууд энэ мэтчилэн ар араасаа гарсаар байна. Тэгвэл түгжрэлийг бууруулахын тулд богино хэмжээний үр дүн муутай шийдлээс илүүтэй нийслэлийн явган хүний болон дугуйн замын стандартыг сайжруулах, сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг цогц төлөвлөлт, дэд бүтцийн өөрчлөлт шаардлагатай байгааг хот төлөвлөлтийн мэргэжилтэн хэлж байна.
Зохисгүй хот төлөвлөлт, дэд бүтцийн алдааны нэг жишээ бол нийслэлд үүсээд буй замын түгжрэл. Жишээ татахад барилгын компаниуд орон сууц, томоохон хотхоныг бүтээн байгуулахдаа дор хаяж 2-3 авто замын гарцтай, 2-оос олон тооны туслах замаар дамжин төв замд нийлэх боломжтойгоор байгуулах хэрэгтэй. Гэтэл бодит байдал дээр дийлэнх барилгын компаниуд төв замд шууд нийлдэг туслах замгүй газар барилга барьж, энэ нь түгжрэл үүсэх нэгэн шалтгаан болдог байна. Үүнээс үүдэн Улаанбаатарын иргэд ажилдаа явахдаа өглөө эртлэн гэрээсээ гарсан ч хотхон, гэрийнхээ үүднээс эхлэн түгжирч байна. Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд энэ мэт асуудлаас эхлэн үр дүнтэй хот төлөвлөлтөөс шаардлагатай байна.
Нөгөө талаас авто машинаар зорчих иргэдийн урсгалыг багасгахын тулд явган зорчигч явах таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна гэлээ. Авто машиныг дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулах, сургууль цэцэрлэгийг цагийн хувиараар хичээллүүлэх бол богино хугацааны түгжрэлийг бууруулах шийдэл. Харин цаашдаа нийслэлийн хүн ам, авто машины тоо улам нэмэгдэх учраас масс транзитыг нэмэгдүүлэх, туслах замууд, төв замын хэмжээг уртасгах зэрэг бодлого хэрэгтэй байна.