Монгол улс төсвийн орлогынхоо 30 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос бүрдүүлдэг. Энэ онд манай улс 36 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн төлөвлөгөөндөө тусгасан.
- Өнөөдрийн байдлаар Ханги, Булган, Гашуунсухайт авто замын боомтоор өдөрт 300 гаруй тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж байна.
- Энэ сарын 9-с хойших өдрүүдийн үзүүлэлтээр өдөрт дунджаар 28 мянган тонн нүүрс авто замаар экспортолж байна гэсэн үг юм.
- Харин 1-р сарын 27-с БНХАУ хагас вагоноор нүүрс авч эхэлснээс хойш 200 вагон нүүрс экспортолсон байна. Нэг удаад 100 вагоноор тээвэрлэдэг бөгөөд үүнд 7 хоног зарцуулж байгааг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс мэдээлж байна.
- Нүүрсний экспорт энэ хэвээр үргэлжилбэл Монгол улс энэ оны төгсөлд 10 сая 200 мянган тонн нүүрс экспортлохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл экспортын хэмжээгээ нэмэхгүй бол төлөвлөсөн хэмжээнээс 3 дахин бага нүүрс экспортлох төлөвтэй байна.
БНХАУ-ын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа дүрэм, журамтай холбоотойгоор манай улсын нүүрсний экспорт хэвийн үетэй харьцуулахад огцом буурсан. Өнөөдрийг хүртэл задгайгаар уул уурхайн эрдэс бүтээгдэхүүнээ экспортолдог байсан манай улс БНХАУ-ын зүгээс өмнө нь удаа дараа тавьж байсан “экспортоо чингэлгээр явуулах” шаардлагыг хүлээж авахаас өөр сонголтгүй болсон гэсэн үг.
БНХАУ ойрын хугацаанд авто болон төмөр замаар авах нүүрсний импортоо багасгах мэдээлэл ирүүлээгүй. Харин экспортын хэмжээг нэмэх тал дээр ГХЯ АТҮТ зэрэг холбогдох газрууд ажиллаж байгаа гэсэн юм.
Монгол улс БНХАУ-тай хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог ч коксжих нүүрсний үнэ 600 америк долларт хүрсэн оргил үеийг ашиглаж чадаагүйг эдийн засагчид хэлсээр байна. Тйимээс олон жил ярьж буй төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, боомтын нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага манай улсад тулгараад байна.