Сонгуульд нийт сонгогчийн 1-ээс дээш хувийн санал авсан тохиолдолд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж хуулийн төсөлд тусгасан

Улс төрийн намын тухай хуульд голлох хэдэн өөрчлөлт оруулж байгаагийн нэг нь нам нь бодлогынх байна. Улс төрийн намын үйл ажиллагаа явуулах хөшүүрэг болох санхүүжилтийн асуудлыг хэд, хэдэн янзаар шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан. Үүнд, намын дэмжигч гишүүн татвар төлөхгүй бол намын гишүүн тодорхой хэмжээний татвар төлнө. Намд хандив өгөх зарим хуулийн этгээд, гадаадын иргэд, ААН-үүдийг хязгаарласан бол хувь хүн болон хуулийн этгээдийн өгөх хандивын мөнгөн дүнг багасгасан.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар сонгуульд зөвхөн ялалт байгуулж, парламентад суудал авсан нам нэг суудлыг 10 саяар тооцон, төрөөс санхүүжилт авдаг. Гэтэл энэ нь дийлэнх олонх болсон намд давуу байдлыг бий болгодог. Монгол улсад мөрдөгдөж байгаа сонгуулийн томсгосон мажоритар системээр сонгогчдын санал гээгддэг гэж үздэг. Тиймээс сонгуульд оролцсон нийт сонгогчийн 1-ээс дээш хувийн санал авсан тохиолдолд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж хуулийн төсөлд тусгасан.

Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгууль 70 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй явагдаж, 606 нэр дэвшигчээс 76 гишүүн сонгогдсон. Их хуралд 13 эмэгтэй гишүүн, 40-өөс доош насны 6 гишүүн иргэдийг төлөөлж байгаа нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, залуучууд хангалтгүй байгааг харуулж байна гэж иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл үздэг. Тиймээс ч улс төрчдийн гарааны тэгш байдлыг бий болгоход улс төрийн нам чухал үүрэгтэй. Гэтэл өнөө үед хэн мөнгөтэй нь сонгуульд ялалт байгуулж, нам нь ч гарааны тэгш байдлыг дотроо бий болгодоггүйг анхаарах шаардлагатайг хэлж байлаа.