Ажил олгогч хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж ажил горилогчид шаардлага тавих үүрэгтэй

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалсан хөл хорионоос үүдэн их, дээд сургуулийн хичээл цахимаар хичээллэх шийдвэр гарч оюутнууд зайнаас хичээлээ судалж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нэр бүхий ажил олгогч байгууллага ажлын зар байршуулахдаа цахимаар хичээл судалсан оюутан буюу “Ковидын үеийн төгсөгч”-ийг ажилд авахгүй гэсэн шаардлага тавьсан нь нийгэмд ихээхэн маргаан үүсгээд байна. Энэ нь нь хөдөлмөрийн харилцааны ялгаварлан гадуурхалт төдийгүй, хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байгаа юм.

Энэхүү зарыг байршуулсан ажил олгогчоос чухам ямар учраас “Ковидын үеийн төгсөгч” ажилд авахгүй гэх шаардлагыг тавьсан талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд тодруулахад 2020-2021 онд төгссөн оюутнуудын чадвар сул байгаа учраас ийм шаардлага тавьсан хэмээн хариулжээ. Угтаа бол хөдөлмөрийн харилцаанд оролцож буй талуудын харилцааг зохицуулдаг хөдөлмөрийн тухай хуульд ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд хүнийг шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхахгүй байна хэмээн заасан байдаг. Тиймээс энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм байна. 

Тэгвэл цахимаар хичээл үзэж судалсан бүх оюутан төгсөгчдийг чанаргүй боловсрол эзэмшсэн хэмээн үзэж байгаад их дээд сургуулиудын төлөөлөл шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь дэлхийн жишиг их, дээд сургуулиуд оюутан төвтэй цахим сургалтыг явуулан аль хэдийнээ олон жил өнгөрсөн. Манай улс ч мөн адил ковидын халдвартай хамааралгүйгээр аажмаар их дээд сургуулийн хичээлийг цахим, танхимаар хослуулан явуулахаар судалж байсан байна. 

Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн зөрчил улам даамжирч байгааг “ковид”-ын үеийн төгсөгч ажилд авахгүй хэмээх энэ зараас харж болохыг Хүний эрхийн үндэсний комиссоос хэлж байна.

Цаашдаа ажил олгогч үндсэн хууль болон хөдөлмөрийн тухай хуулийг зөрчилгүй, хүний эрхийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна.