100 айлыг нүүлгэх асуудлаар НИТХ хуралдаагүй, ажлын хэсгийн зарим гишүүд мэдээлэлгүй байна

Барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны 100 айл захыг Налайх руу нүүлгэх иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр 2018 онд анх гарч 2022 он гэхэд бүрэн нүүлгэж дуусгана гэж мэдээлж байсан. Өнөөдрийн байдлаар тус захыг нүүлгэсэнгүй, худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид ч мэдээлэлгүй байгаа юм. Тэгвэл энэ удаагийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 100 айлыг нүүлгэх ажил орхигджээ. Манай сурвалжлах баг уг асуудлыг тодруулахад шинэ ажлын хэсэг нь нэг ч хуралдаагүй, ажлын хэсэгт ямар хүмүүс байгаа талаар гишүүд нь өөрсдөө мэдээлэлгүй байсан юм. Тэгвэл ажлын хэсгийн ахлагч н.Төгөлдөр ирэх баасан гарагт уг асуудлаар хуралдана гэсэн мэдээллийг утсаар бидэнд өглөө.

Зарим үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс Налайхын аж үйлдвэр, технологийн паркийг дэд бүтцээр хангаад нэгдсэн байдлаар нүүлгэвэл татгалзах зүйлгүй гэсэн юм. 100 айлыг нүүлгэх ажил нам жим болсон нь төр засгийн залгамж халаа хангалтгүй, өмнөх ажлаа дараагийн бүрэлдэхүүн нь үргэлжлүүлдэггүйн жишээ гэлээ. 

Түгжрэл, тоосжилт орчны бохирдол зэрэг 100 айлыг нүүлгэх олон шалтгаан бий. 100 айлд байрлах сургуулийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ стандартаас өндөр гарсан нь орчны бохирдолтой холбоотой гэсэн дүгнэлт гарч байж. Өөрөөр хэлбэл 100 айлыг нүүлгэхээр судалгаа шинжилгээ, зам талбайн зураг төслийг баталсан зэргээр тухайн үед төсвийн мөнгө багагүй зарцуулсан. Ажлын хэсгийг ахалж байсан н.Гантулга төлөөлөгч асны мэдээллээр 3 тэрбум төгрөг зам засварлахад төсөвлөж байжээ. Гэтэл хөрөнгө мөнгө зараад эхэлсэн ажил өнөөдөр ямар шатанд яваа нь тодорхойгүй байна.  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь ажлын хэсгийг төлөөлөгч төгөлдөр ахлаж байгаа юм байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хуучин гишүүд байгаа. Энэ асуудлаар баасан гарагт хуралдсаны дараа мэдээлэл өгье гэсэн бол хуучин ажлын хэсэгт байсан төлөөлөгч н.Тулга шинэ ажлын хэсэг байгуулагдсаныг мэдээгүй байна.