Криптовалютын салбарт эрсдэл үүрч чадах хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхийг эдийн засагч зөвлөлөө

Сүүлийн жил гаруйн хугацаанд Монгол улсад криптовалют санхүүгийн зах зээл болон бизнесийн орчинтой холбогдсон байдлаар олны анхаарлыг татаж байна. Манай улсад одоогоор бизнес, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан, маркетинг дээр суурилсан зэрэг 40 гаруй койн байгаа бөгөөд иргэдээс аль хэдийн 120 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн. Тус салбарын мэргэжилтэн болон эдийн засагч бодит үнэ цэнэтэй зүйлс дээр тулгуурласан койн эрсдэл багатай хэмээн үзэж байгаа бол зарим эдийн засагч хөрөнгө оруулалтын нэг хэлбэр мөн ч эрсдэл ихтэй салбар гэдгийг анхааруулсаар байна.  

Криптовалют нь хөрөнгө оруулалтын нэг хэлбэр болсныг дэлхий дахинд нэгэнт хүлээн зөвшөөрөөд байгаа цаг үед иргэд тус зах зээлд хөрөнгө оруулахдаа тухайн багийн туршлага, амжилт, бизнесийн нэр хүнд, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, койн токены цаана бодит хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа байгаа эсэхийг судлах нь зүйтэй гэж салбарын мэргэжилтэн хэлсэн юм.

Харин эдийн засагч Ж.Дэлгэрсайхан криптовалютын зах зээлд эерэг байр суурьтай байгаа бөгөөд мөн л аливаа үнэ цэн бүхий зүйлээр баталгаажсан койн нь эрсдэл багатай байх магадлалтай гэлээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсад зарлагдсан койнуудын ихэнх нь уналттай байгааг харгалзан, нухацтай хандаж, эрсдэл үүрч чадах хэмжээгээрээ хөрөнгө оруулалт хийхийг эдийн засагч Г.Батзориг зөвлөлөө.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 12-р сарын 17-нд батлагдсан бөгөөд дагалдах дүрэм журмыг боловсруулах шатанд яваа. Хууль хэрэгжсэнээр шинээр койн гаргах этгээдийг бүртгэлжүүлэх боломжтой болох ч иргэн болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүссэн маргааныг зохицуулахгүй. Өөрөөр хэлбэл хуультай болсон ч иргэд койнд хөрөнгө оруулах нь эрсдэлгүй, хохиролгүй болно гэсэн үг биш юм.