Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш 10 удаа хяналт, шалгалт хийжээ

Хөгжлийн банкны 66 зээлдэгчээс 20 аж ахуйн нэгж зээлээ зориулалтын бусаар ашигласан байна. Нийт зээлдэгчийн барьцаа хөрөнгийн 53.9 хувь нь буюу 1.7 их наяд төгрөгийн барьцаа хөрөнгө хангалтгүй байна.   

Хөгжлийн банк 2012-2016 онд 16 зээлдэгчид, харин 2017 оноос хойш 56 зээлдэгчид зээл олгосон. 2017 он хүртэл хугацаанд засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны зээлийг олгодог байсан бол 2017 оноос хойш хуулийг шинэчлэн найруулснаар Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр эцсийнх болсон байна.

Ажлын хэсэг Хөгжлийн банкны тухай хууль, эрх зүйн орчин, засаглалыг сайжруулах, зээлдэгч нарыг нэг бүрчлэн шалгах, мэргэжлийн багаар барьцаа хөрөнгийн үнэлгээг хийлгэж, тоо баримтыг дахин шалгах, зээл авсан байгууллагын эцсийн өмчлөгчийг гүнзгийрүүлэн шалгах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Шалгалтын ажиллагаа 3-р сарын 1 хүртэл үргэлжилж, дүгнэлтийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барих юм байна.