Далан давхрын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг хариуцсан ажлын хэсэг байхгүй 

Нийслэл дэх 70 давхрын оршуулгын газар нэгэн үе хотынхны хамгийн айдас хүйдэстэй, таагүй газар гэгддэг байсан. Тэгвэл энэ “чимээгүй хотыг” нийслэлчүүдийнхээ сэтгэлд таатай, орчин үеийн тохижилттой, цэцэг ногоо алагласан цэцэрлэгт хүрээлэн болгох талаар 9 жилийн өмнөөс анх ярьж эхэлсэн ч одоогоор уг асуудлыг хариуцсан ажлын хэсэг байхгүй, ямар шатанд яваа нь ч тодорхойгүй байна. 

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр 70 кг жинтэй хүний цогцсоос хром, хар тугалга, кадми, мөнгөн ус зэрэг хорт бодисын агууламжтай 4.2 литр задралын шингэн ялгардаг бөгөөд хөрсөнд бүрэн задрахад 70 жилийн хугацаа шаардагддаг байна. 

Олон жил ярьсан ч бодит ажил болж чадахгүй байгаа уг цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа компанийн зүгээс 11 мянган шарилын ар гэрийнхнийг тогтоох ажлыг одоо хийж байгаа, 3 хэсгээс бүрдэх бүтээн байгуулалтыг 2025 он гэхэд бүрэн дуусгана гэж төлөвлөж байгаа гэлээ. Шарил шилжүүлэх ажилд шашны зан үйл талаас Гандантэгчинлэн хийд болон бусад сүм хийдүүд зөвлөн тусалж байгаа юм байна.

Харин Нийслэлийн захирагчийн ажлын албанаас шарил шилжүүлсний дараах хог хаягдлыг ачих цэвэрлэх ажилд оролцох юм байна. 

Оршин суугчид далан давхрын оршуулгыг бүхэлд нь цэцэрлэгт хүрээлэн болгоосой гэсэн өндөр хүлээлттэй байгаа бол уг ажлыг эхлүүлж байгаа хувийн хэвшил, олон нийтийн зүгээс төр засаг холбогдох газрууд цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг цааш үргэлжлүүлэх хүлээлттэй байна.