БНСУ-ын засгийн газраас ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ

ОХУ-ын эсрэг олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнд БНСУ мөн нэгдэхээр болсныг тус улсын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин-ий хэвлэлийн албанаас мэдэгдлээ. Тус улсын засгийн газар одоо АНУ болон бусад холбоотнуудтайгаа эдийн засгийн ямар хориг арга хэмжээ авах талаар зөвлөлдөж байгаа юм байна.

“Олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулга, дипломат хүчин чармайлтыг үл тоомсорлон ОХУ-ын цэрэг Украин улсад халдан довтолсон явдалд харамсаж байна. Украин улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой. Улс орнуудын хоорондын ямар ч маргаан дайнаар биш, яриа хэлэлцээгээр шийдэгдэх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүнийхээ хувьд БНСУ оросын эзлэн түрэмгийллийг зогсоох, асуудлыг энхийн арга замаар шийдвэрлэхийн төлөө эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэж байна” гэж Мүүн Жэ Ин ерөнхийлөгч хэлснийг түүний хэвлэлийн албаны төлөөлөгч Хөх ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр уламжилсан байна. 

Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Украинд байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, Украины хямралын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох яамд, албан тушаалтнуудад даалгажээ. Тэгвэл Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр, Украин улсад сурч, ажиллаж амьдардаг тус улсын нийт 60 гаруй иргэн Польш улсын хилээр аюулгүй нэвтэрсэн, удахгүй эх орондоо ирнэ гэж мэдээлжээ.