"Умардын урсгал 2” буюу “Nord stream 2 AG” компани болон тус компанийн удирдлагуудад хориг арга хэмжээ авахыг би засаг захиргаандаа үүрэг болгосон” гэж Америкийн удирдагчийн мэдэгдэлд дурдсан байна. Түүний мэдэгдлийг цагаан ордны хэвлэлийн алба пүрэв гарагт нийтэлжээ.
Хязгаарлалтын чухам ямар арга хэмжээ авч байгааг мэдэгдэлд тодорхой дурдаагүй байна. "Уг алхам нь ОХУ-ын Украинд явуулж байгаа үйлдлийн хариуд авч хэрэгжүүлж байгаа манай хориг арга хэмжээний эхний үе шатны бас нэг хэсэг юм” хэмээн Жо Байден мэдэгдэлдээ онцолжээ. Түүний хэлснээр, “Ерөнхийлөгч Путин өөрийн үйлдлээрээ дэлхий дахинд Оросын хийнээс татгалзах хөшүүргийг өгчээ”.
“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтын тэнгисээр дайруулан байгалийн хий нийлүүлэх 1200 гаруй км урт дамжуулах хоолойн төсөл юм. Герман, Дани, Орос, Финланд, Швед гэсэн таван орны эдийн засгийн онцгой бүс, нутаг дэвсгэрийн усаар дайруулан тавьсан энэхүү дамжуулах хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай юм.